Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Л.Бямбасүрэн: Дунгийн суулгацын хагалгааны дараа ямар ч сонсголгүй хүн сонсоно

Л.Бямбасүрэн: Дунгийн суулгацын хагалгааны дараа ямар ч сонсголгүй хүн сонсоно

Эх сурвалжийг: Сэтгүүлч Р.Адъяасүрэн | GoGo.mn-ээс

Одоогоос арван жилийн өмнө чихний дунгийн суулгацын мэс заслыг Aid ЧХХ эмнэлгийн эмч А.Өлзийбаяр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Л.Бямбасүрэн эмч нар манай улсад амжилттай нэвтрүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн мэс заслыг 120 орчим хүнд амжилттай хийгээд байгаа бөгөөд гурван жилийн өмнөөс өндөр өртөгтэй хагалгааны тоонд орж, илүү олон хүнийг бусадтай саадгүй харилцах эхлэлийг тавьж байгаа аж.

Тодруулбал мэс засал болон түүний дараах тохиргоо, хэл заслын бүтэн жилийн хичээл нийт 26 сая төгрөг бөгөөд улсаас 19.5 сая төгрөгийг гаргадаг байна. Ингээд хувь хүн 9.5 сая төгрөгийг төлж уг мэс заслыг хийлгэдэг.

Энэ жилийн хувьд нийт 30 хүнд чихний дунгийн суулгац хагалгааг хийлгэх бөгөөд одоогийн байдлаар нийт 18 өвчтөн мэс засалд ороод байгаа юм. Хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө 12 сартай төрөлхийн сонсголгүй хүүхдэд энэ мэс заслыг амжилттай хийжээ.

ХОЁР НАС ХҮРЭНГҮҮТ НЬ МЭС ЗАСАЛ ХИЙВЭЛ ЗУРГААН НАСТАЙДАА ЭНГИЙН СУРГУУЛЬД ОРОХ БОЛОМЖТОЙ

Чихний дунгийн суулгац мэс заслын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Чихний дунгийн суулгацын мэс заслын талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Хүний чих гадна, дунд, дотор гээд гурван хэсэгт хуваагддаг. Дотор чих нь хамгийн нарийн бүтэцтэй. Гадна, дунд чих эрүүл хэр нь дотор чихний дунгийн сормууслаг эсүүд гэмтэх юм бол хүн сонсголоо алддаг.

Тусгай суулгац, цахилгаан аппаратыг хүний гавлын ясанд суулгаж түүнээс дамжсан электрод дотор чихний дун руу орж тэндээс сонсголын мэдрэлээр дамжин тархи руу мэдээлэл өгдөг ийм аргыг чихний дунгийн суулгац мэс засал гэдэг.

Анхны хагалгаанаас хойш арван жилийн хугацаа өнгөрч байна. Хүүхдүүд маань тусгай бус энгийн сургуульд онц дүнтэй суралцаж байна

-Манай улсад энэ төрлийн хагалгааг хийж эхлээд арван жил болж байгаа гэж байсан. Анхны мэс заслын багт та багтсан гэсэн?
-Энэ төрлийн хагалгааг дэлхийд 1980-аад оноос хийж эхэлсэн боловч манай улсад 2009 онд бид хийж эхэлсэн. Нэгдүгээрт мэс засал өндөр өртөгтэй, хоёрдугаарт зарим нэг тоног төхөөрөмжийн хангалт сул байсантай холбоотойгоор манай улсад оройтож нэвтэрсэн л дээ.

УНТЭ-ийн эмч нар энэ төрлийн мэс заслаар 2000 оноос хойш суралцаж эхэлсэн. Манай чихний мэс засалч, профессор асан А.Өлзийбаяр бид нар Австри улсын Залцбург хотод Соросын сангийн дэмжлэгтэйгээр АНУ, Австрийн томоохон сургалт, семинар, дадлагад оролцсон. А.Өлзийбаяр эмч дэлхийд алдартай, профессор Распийн удирдлага дор суралцаж байх хугацаанд энэ төрлийн хагалгаа хийх боломжтой боловсон хүчин байхад танайд яагаад хийхгүй байна гэж асуусан байгаа юм. Ингээд хагалгааны явцад өрнөсөн ярианы үр дүнд профессор суулгац үйлдвэрлэдэг Австрийн Медел компанитай биднийг холбож өгсөн. (Мэс засалд ашиглаж буй суулгацыг ЭНД дарж харах боломжтой) Бүтэн жилийн турш бэлтгэл ажил хийж, Европт дахин хоёр удаагийн сургалтад хамрагдсаны үндсэн дээр А.Өлзийбаяр эмч бид хоёр 2009 оны наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд төрөлхийн сонсголгүй хоёр настай болон шалтгаан тодорхойгүй сонсгол муудаж, хүнд хэлбэрийн сонсгол бууралттай болсон зургаан настай хоёр хүүхдэд чихний дунгийн суулгацын мэс заслыг амжилттай хийсэн.

Тухайн үед хагалгаанд орох шаардлагатай, хүсэлтэй олон хүн байсан ч энэ хэмжээний мөнгийг халааснаасаа гаргаад төлөх бололцоотой өвчтөн хоёрхон байсан юм. Анхны хагалгаанаас хойш арван жилийн хугацаа өнгөрч байна. Хүүхдүүд маань тусгай бус энгийн сургуульд онц дүнтэй суралцаж байна.

Дунгийн суулгацын хагалгааны дараа ямар ч сонсголгүй хүн сонсоно

-Дунгийн суулгацын хагалгааг ямар тохиолдолд хийдэг юм бэ?
-Энэ хагалгааг сонсгол муутай хүн бүрд хийхгүй. Сонсгол буурах олон шалтгаан бий. Сонсгол бууралтыг хөнгөн, дунд, хүнд, хүндэвтэр, таг дүлий гэсэн бүлэгт хуваадаг. Хүнд болон таг дүлий хүмүүст л энэ хагалгааг хийдэг. Дунгийн суулгацын хагалгааны дараа ямар ч сонсголгүй хүн сонсоно. Харин сонсголоо алдсан хугацаанаас хамаараад сонсож байгаа дуу чимээгээ ялгах нь маш хүндрэлтэй болдог байна. Өөрөөр хэлбэл дүлийрэсэн хугацаа 15 жилээс дээш бол сонсож байгаа дуу авиагаа ойлгохгүй.

-Энэ хагалгааг хийлгэхэд насны доод болон дээд хязгаар гэж бий юу?
-Нэг ойтойгоос эхлээд дээд насны хязгааргүй. Дэлхий дээр дүлий хүнд хийдэг цорын ганц эмчилгээ нь энэ. Эмч нар нь энэ хагалгааг хийж эхэлж байхад хоёр наснаас энэ хагалгааг хийвэл сайн гэж байсан бол одоо нэг настай хүүхдэд хийдэг болсон байна. Бид өнгөрсөн долоо хоногт 12 сар буюу нэг ойтой хүүхдэд энэ хагалгааг хийсэн. Өвчтөн маань биеийн байдал сайн, эмнэлгээс гарсан.

Дэлхий дээр хамгийн бага настай хүүхдэд дунгийн суулгацын хагалгаа хийсэн нь Австрали улс бөгөөд зургаан сартай хүүхдэд энэ хагалгааг хийсэн. Биднийг Австри, Австралид мэргэжил дээшлүүлж байхад 80-тай хүн ч энэ хагалгаанд ордог. Харин бид Монголд ой найман сартайгаас 61 нас хүртэл хүмүүст хийж байсан.

-Төрөлхийн сонсголгүй болдог шалтгаан нь юу байдаг юм бол?
-Эх нь жирэмсэн байхдаа янз бүрийн эм бэлдмэл хэрэглэх, вирүсийн халдвар тусах, суурь хүнд өвчтэй, удамшлын буюу генийн өөрчлөлттэй, төрөлхийн сонсголгүй байх гэх мэт шалтгаан бий. Харин төрснөөс хойш чихэнд хортой эм, антибиотик хэрэглэх, гахайн хавдар, улаанбурхан, менингитээр өвдөх зэргээс болж сонсголгүй болно. Насанд хүрэгчид ихэвчлэн осол гэмтлийн шалтгаантай байдаг бөгөөд ажил, мэргэжлээс бас шалтгаалах нь бий. Сүрьеэ өвчний эмчилгээнээс болж сонсголоо алдах ч тохиолдол нилээдгүй бий.

-Хүүхдийнхээ сонсгол бууралттай гэдгийг хожим мэдэх тохиолдол бас их байдаг гэсэн?
-
Хүүхдээ төрөнгүүт нь дүлий гэдгийг нь мэдчих юм бол хагалгаанд зарцуулах төлбөрөө эрт цуглуулна шүү дээ. Ялангуяа хөдөө орон нутагт хүүхдээ дүлий гэдгийг нь гурван нас хүртэл нь мэдэхгүй байх тохиолдол байна. Хагалгаа хийснээс хойш хэл яриа хөгжих хугацаа гэж бий. Дунгийн суулгац хагалгаа хийлгээд сонсдог болсон ч гэсэн долоон нас өнгөрвөл хэл яриа нь хөгждөггүй. Тэгэхээр нэг, хоёр настайд нь хийж байна гэхээр хэл яриа, тархины хөгжил гээд бүх юмыг нь зургаан настай ердийн сургуульд ороход нь бэлэн болгох гээд л аль болох бага насны хүүхдэд энэ хагалгааг хийх зориолготой байдаг юм.

Эх нь жирэмсэн байхдаа янз бүрийн эм бэлдмэл хэрэглэх, вирүсийн халдвар тусах, суурь хүнд өвчтэй, удамшлын буюу генийн өөрчлөлттэй, төрөлхийн сонсголгүй байх гэх мэт шалтгаан бий

Бага насандаа, бага насандаа ялангуяа менингитээр өвдсөн бол маш богино хугацаанд буюу 6 сараас нэг жилийн дотор хагалгаанд орох шаардлагатай. Манайхан дунд бас нэг буруу ойлголт байна. Настай хүмүүс үхэхийн хооронд төвөг гээд сонсголгүй болсон ч хагалгаанд ордоггүй. Гэтэл хүн сонсож байж л нийгэмтэй хөл зэрэгцдэг. Сонсгол сулраад ирэхээр аяндаа нэгээс хоёр жилийн нийгмээс тусгаарлагддаг.

Эцэг эхчүүд чимээ гарахад цочихгүй байхаар л хүүхэд маань сонсохгүй байна гэж мэддэг. Хүүхэд нь сонсохгүй байгааг мэддэггүй, ард нь юм унахад эргэж хардаг байсан шүү дээ гэх нь бий. Гэтэл энэ нь долгионы хуулиар харьцангуй бага мэдэрдэг байсныг хүмүүс сонсож байна гэж андуурдаг. Сонсох бол тусдаа. Чанга хэмжээний чимээ биенд бас нөлөө үзүүлдэг л дээ тэрэнд нь цочирч байна гэсэн үг. Доргио мэдэгдэхийг сонсож байна гэж андуурдаг.

Г.Батбуян: СУУЛГАЦ 30 ХУВЬ НЬ ХАРИН ҮЛДСЭН 70 ХУВЬ НЬ ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ БАЙДАГ

Чихний дунгийн суулгацын хагалгааг хийлгэсний дараа тухайн хүн болон ар гэрийнхэнд нь бүтэн жилийн турш сонсгол, хэл заслын хичээлийг ордог байна. Энэ төрлийн мэс засал зөвхөн мэс засал бус мэс заслын дараах хичээлийн хамтаар үр дүнд хүрдэг гэдгийг эмч нар хэлж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн баг хамт олон болон эцэг эхийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн байдаг аж. Сургалтын талаар “Доктортун” компанийн захирал Г.Батбуянгаас тодрууллаа. Тэрбээр “Бидний эцэг эхчүүдэд хэлдэг хамгийн чухал өгүүлбэр бол ТАНЫ ҮГ ТАНЫ ХҮҮХДИЙН ТАРХИЙГ БҮТЭЭЖ БАЙДАГ. Энэ маш хүчтэй үг” хэмээн яриагаа эхлүүлсэн юм.

-Хагалгааны дараа бүтэн жил тохиргоо болон хэл заслын хичээл ордог гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Би аль болох энгийн үг хэллэг ашиглаж ярихыг хичээе. Чихний дунгийн суулгацын мэс засал хийлгэхийн тулд эхлээд тухайн өвчтөнөө үзэж оношилно, дараа нь биеийн байдлыг нь мэс заслын эмч болон бусад нарийн мэргэжлийн эмч нар үзээд боломжтой бол мэс засал хийнэ. Харин үүний дараа сонсголын эмч тохиргоог нь хийнэ. Хүн 35 үсгийг нэг түвшинд сонсож байх ёстой. Гэтэл тохиргоо алдаатай байвал А ч юм уу эсвэл С үсгийг сонсохгүй. Тэгэхээр эдгээр үсэг орсон үг бүрийг бүрэн сонсож чадахгүй болчихно. Тиймээс мэс заслын дараа сонсгол, хэл заслын багш тухайн хүүхдийг бүх авиаг сонсож байгаа эсэхийг мөн эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар хичээлийг хамгийн багадаа нэг жил ордог.

Бүх авиаг сонсож байгаа эсэхийг мөн эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар хичээлийг хамгийн багадаа нэг жил ордог

Дуу авианы долгион А-аас Б цэгт буюу чихнээс тархины сонсголын төвд хүрэх нь өөрөө энгийн нэг процесс буюу сонсох явц юм харин хүлээж авсан дуу чимээг ялгана гэдэг нь Монгол хэлэнд байдаг ЧАГНАХ гэдэг үг. Энэ бол мэдлэг. Бид хоёр юу ч бодож, тунгаах шаардлагагүйгээр энгийн ярьж ойлголцож байна гэдэг нь бидний багаасаа ойр дотны хүмүүсээсээ чихээрээ дамжуулж тархиндаа суралцсан мэдлэг. Энэ мэдлэг сонсголгүй хүүхдийн хувьд тэг байгаа юм. Хүүхэд нь эхийн хэвлий дэх зургаан сартай байх үед дотор чихний дун яс нь дуу чимээг цааш нь сонсголын төвд дамжуулах чадвартай болсон байдаг. Ингээд зургаан сартайгаас ээжийнхээ хоолойг сонсож эхэлдэг тул төрсний дараа ээжийнхээ танил дуу хоолойг сонсхоороо тайвшираг. Гэтэл төрөлхийн сонсголгүй хүүхдийн хувьд биологийн нас нь 1, 2, 3 гээд явсан ч сонсголын нас нь тэг байж байдаг. Сонсголтой хүүхэд нэг нас хүрээд эхний үгээ хэлж эхэлдэг бол сонсголгүй хүүхдийн энэ алдсан хугацааг нөхөхийн тулд сонсголыг нь нэгт ажиллуулах сонсгол болон хэл яриа хөгжүүлэх олон улсын стандартын аргачлалыг ашиглаж хичээлээ ордог.

Үүнийг сонсгол зүйч багш нь олон улсын хөтөлбөрийн дагуу ээж аавд нь зааж өгдөг. Бид олон талын мэргэжилтэнгүүд нийлсэн багаар ажиллаж байна. Гэхдээ бид дунгийн суулгацыг хийснээр сонсох замыг нь засаж, зассан замаар хүлээж авах дуу чимээг ялгах чадварыг хөгжүүлэх аргачлалыг зааж өгч байгаа юм. Энэ аргачлалыг эцэг эх нь сурснаар хүүхэд дээр гарах өөрчлөлт үр дүн нь эцэг эхээс хамаарч эхэлнэ. Учир нь хүүхэд эцэг эхтэйгээ хамгийн их цагийг өнгөрүүлж, эцэг эхээ өөрсдийн баатар мэт бодож амьдардаг. Суулгац хийлгээд адилхан сонсголгүй хүүхдүүд дунд буюу амьд биш дуу чимээн дунд байлгавал, хүүхэд утгагүй дуу чимээг л сонсголын төв дээрээ хүлээж авч сонсоно. Түүнээс юу ч суралцахгүй. Тэгэхээр утга учиртай үг өгүүлбэр болон чимээн дунд тэр тусмаа хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байгаа шигээ гоё сайхан үгэн дунд хүүхдийн сэрүүн цагийг их өнгөрүүлэх тусам хүүхдийн тархинд утга учиртай үг, өгүүлбэр болон чимээнүүд сууна. Аль болох олон удаа сонссоноор тухайн дууг ойлгож, дагаж дуурайж хэлдэг.

Суулгац хийлгээд адилхан сонсголгүй хүүхдүүд дунд буюу амьд биш дуу чимээн дунд байлгавал, хүүхэд утгагүй дуу чимээг л сонсголын төв дээрээ хүлээж авч сонсоно

Монгол хэлэнд сонсох, чагнах гэдэг үгийг нэг үг гэж ойлгоод байдаг. Тэгээд эцэг эхчүүд "манай хүүхэд сонсох уу" гэж эмчээс асуухад сонсоно гэж хариулдаг. Эцэг эхийн асууж буй цаад санаа нь манай хүүхэд бидэнтэй сонсголтой хүүхэд шиг ойлголцож, харьцаж чадах уу гэж асуусан байдаг. Гэтэл эмч нар дуу чимээ хүлээж авна гэдэг утгаар нь сонсоно гээд хариулчихдаг. Нэг нь зөвхөн дуу чимээ хүлээн авах, нөгөөх хүлээж авсан дуу чимээг нь ойлгох, мэдлэгтэй гэсэн ойлголтууд явж байдаг. Бид хэдий сонсох чадвартай болгож байгаа ч сонссон зүйлээ ойлгож, харилцах чадварыг хамт байгаа ээж аав нар нь бий болгох ёстой гэдгийг бид ойлгуулдаг.

-Сонсгол алдсанаас хойш аль болох хурдан хугацаанд мэс засалд ор гэдэг нь үүнтэй холбоотой байх нь ээ?
-Энэ төрлийн мэс заслыг хийж эхэлснээс хойш 120 гаруй хүнд хийгээд байна. Ингэхэд бас л хэцүү тохиолдлууд тулгарч байна. Тухайлбал, лам хүүхэд нь сонсдог болно гэж хэлсэнд итгээд есөн жил болсон хүн байна. Гэтэл хүүхэд хоёр нас хүртлээ 200-300 үгтэй, дөрвөн нас хүрэхдээ үгийн баялаг 2000-3000 болж огцом өсдөг. Энэ завсар үе буюу 2-4 насны үед хүүхдийн тархины хөгжил дээд цэгтээ байдаг бөгөөд хэдэн ч хэлийг сурах боломжтой гэж үздэг. Гадаад хэл сурахад 2000 үгтэй байхад ойр зуур ойлголцож чадна гэдэг шүү дээ. Тэрэнтэй адил ийм үгийн сангийн баялгийг дөрвөн настайдаа авсан байдаг. Энэ хугацааг алдаж болохгүй. Гэтэл онош нь тодорхой байхад эцэг эхчүүд мэс заслаас айж илүү хялбар хүүхэддээ мэс хүргэхгүй зам буюу лам болон зарим нэг уламжлалт аргуудыг ашиглаад хүүхдийн хөгжлийн чухал хэсгийг өнгүүлсэн цөөхөн тохиолдол байдаг.

Бид хэдий замыг нь зассан ч том болсон хүүхдийн тархины сонсголын төвийн хөгжил нь ашиглаагүй удсан тул удааширчихсан, хүүхэд өөрөө хүсэж байна, хүсэхгүй байна гэдгээ ялгаж чаддаг болчихсон, тархин дээр очих дуу чимээг тэсч чадах уу үгүй юу гээд асуудал гарч ирдгээс болоод хүлээж байгаа үр дүнд хүрэхгүй байх тохиолдол бий. Тиймээс л аль болох хугацаа алдахгүй бага насан дээр нь, сонсгол алдсанаас хойш богино хугацаанд мэс засалд орохыг зөвлөдөг.

-Мэс засал дээр нэмэх нь сонсгол хэл засал, орчин байхгүй бол хагалгаа амжилттай болсон ч ярьж чадахгүй байх тохиолдол байдаг гэсэн үг үү?
-Суулгац хийлээ гээд бүх юм болчихсон гэсэн үг биш. Энэ бол 30 хувь нь харин үлдсэн 70 хувь нь хамт байгаа гэр бүлийн хүмүүсийн тэр тусмаа эцэг эхийн хичээл зүтгэл байдаг гэдгийг дахиад хэлэхийг хүсэж байна.

Хүний дуу авианы долгионы эхлэл бол нэг секундад 20 мянган удаа хөдлөж байдаг маш нарийн салхины долгион байдаг. Энэ салхины долгионыг таны гадна чих цуглуулан авч чихний сувгаар дамжаад хэнгэргийн хальсыг чичрүүлэн хөдөлгөдөг. Дунд чихний алх, дөш дөрөө ясанцарууд хоорондоо энэ чичиргээнийг дамжуулж, дун шиг хэлбэртэй яс буюу дотор чихийг тоншиход түүнд дотор байрлах шингэн цалгина. Ингэж цалгихдаа 16 мянган ширхэг хүний биед ганц удаа заяадаг ой мод шиг үслэг эдийг хөдөлгөж энэхүү хөдөлгөөн нь угтаа цахилгаан давтамжыг үүсгэснээр тархины сонсголын төвд хүрч дуу авиа болох орчуулагддаг. Баруун, зүүн чих тус тусдаа сонсголын төвтэй.

Сонсгол буурах болон сонсголгүй болох нь хувь хүний хөгжил болон сэтгэлзүйд маш хүчтэй муугаар нөлөөлж байдаг

Хэрвээ ямар нэг шалтгаанаар үслэг эсүүд гэмтвэл мөн насжилттай холбоотой сонсгол буурахад хамгийн түрүүнд сонсогдохоо больдог авиа нь С үсэг. Тэгэхээр настай хүмүүст нийтлэг тохиолддог “Сонсож байна уу” гэдэг үгийг нь С үсэггүй сонсвол “Онож байна уу” болчихож байгаа юм. Тэгэхээр “айн, айн” гээд байдаг байх нь. Харин "Дүлий юм уу" гээд шивнэх төдийд "намайг дүлий гэлээ" гэж гомддог нь дүлий гэдэг үгэнд орж байгаа “Д” үсэг нь хамгийн сүүлд мууддаг давтамж тул шивнэсэн ч сонсогдож байдагтай холбоотой.

Бид бүгд аливаа гадаад хэлийг ашиглахгүй удвал ойлгох ярих чадвар муудаж байдаг шиг сонсгол муу хүмүүсийн хувьд Монгол хэлээ ойлгох чадвар алдагдаж байдаг.

Мөн сонсгол буурах болон сонсголгүй болох нь хувь хүний хөгжил болон сэтгэлзүйд маш хүчтэй муугаар нөлөөлж байдаг.

Эцэст нь дахиж хэлэхэд ТАНЫ ҮГ таны хүүхдийн болон энэ нийгмийн тархийг бүтээж байдаг тул бид бүгд хүүхдийн хажууд хэлэх үгээ маш сайн хянаж байх хэрэгтэй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.