Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
С.Алтансүх: Манайхан буян гээд суварга босгодог, гаднынхан амь аврах түргэний тэрэг хандивладаг

С.Алтансүх: Манайхан буян гээд суварга босгодог, гаднынхан амь аврах түргэний тэрэг хандивладаг

Та бүхэндээ УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүхийн http://itoim.mn сайтын Эрүүл монгол буланд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Манай улсын яаралтай тусламжийн хүртээмж, үйлчилгээ хэр төвшинд байна гэж дүгнэдэг вэ. Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого, зохицуулалт хэрэгтэй талаар яриагаа эхлүүлье?

-Яаралтай тусламжийн үйлчилгээ гэдэг нь ерөнхийдөө хоёр том хэсэгт хуваагдаж байгаа юм. Эмнэлэг хүртэлх яаралтай тусламж байна. Үүнд, эмнэлгийн байгууллагаас түргэн тусламжийг гэрт нь очиж үзүүлж болно, мөн ард түмэн бие биедээ туслах тусламж юм. Эмнэлэг хүртэлх тусламж бол ард иргэд өөрсдөө зөөгөөд ч аваад ирж болно. Түргэний машинаар ч зөөгөөд аваачиж болно. Газар дээр үзүүлж байгаа тусламж гэхэд гэмтлийн нас баралтын 50 хувь нь эхний 20 минутад газар дээрээ, зөөвөрлөгдөх явцад буюу эмнэлэгт ирэхээсээ өмнө 30 хувь нь нас барчихдаг. Тэгэхээр эмнэлэгт зөвхөн 20 хувь нь ирдэг. Зөөгдөж ирж байгаа тэр 20 хувь нь ерөнхийдөө яг тухайн газарт дэргэд нь байсан хүн анхны тусламжаа буруу үзүүлснээс болоод гар хөлөө бүрэн тайруулах, тахир дутуу болох, нугасны гэмтэлтэй, тэр чигээрээ суунги болох гэх зэрэг үр дагаврууд нь бараг бүрэн шийдэгдчихээд ирдэг. Тэгэхээр тухайн хүнийг өвдөх үед дэргэд байгаа хүн анхны яаж тусламж үзүүлсэн бэ гэдгээс ихээхэн шалтгаалдаг гэж ойлгож болно. Нийгмээрээ амьдарч байгаа энэ үед хүмүүс бие, биенийхээ төлөө хариуцлага хүлээж амьдрах ёстой. Байгууллага албан газар хүртэл шинээр ажилтан авахдаа анхны тусламжийн сургалтад суусан хүнийг авч байх ёстой юм. Олон улсад бол 40 цагийн анхны тусламжийн сургалт байдаг. Тэр сургалтад суусан хүнийг л ажилд авдаг тогтолцоотой. Ямар ч мэргэжлийн хүн байсан яаралтай тусламжийн сургалтад суусан үнэмлэх заавал авах ёстой гэж шаарддаг. Манай нэг найз Австралид доктор хамгаалахаар явсан юм. Тэгсэн нөхөр нь тэнд пицца зөөх ажилд орох болсон байна. Гэтэл анхны тусламжийн 40 цагийн сургалтад суусан үнэмлэхтэй бол ажилд авна гэсэн байгаа юм. Тэгээд над руу утасдаад “пицца зөөгч хийхийн тулд анхны тусламжийн сургалтын үнэмлэх хэрэгтэй юм байна, танайхаас авч болох уу” гээд асууж байсан.

Түлэгдэхэд, гар, хөл хугарахад, зүрх зогсоход, осолд аваарын үед яаж тусламж үзүүлэх вэ гэдгийг бүгдийг нь багтаасан сургалтад суусан байх шаардлагыг иргэддээ тавьдаг. Энэ хэрээрээ ард түмний эрүүл мэндийн боловсрол маш чухал үүрэгтэй. Холливуудын кино үзэж байхад ч гэсэн ухаан алдаад унасан хүний хажууд ирээд “анхны тусламж үзүүлэгч” гэсэн үнэмлэх харуулаад анхны тусламж үзүүлж байдаг шүү дээ. Бас Холливудын нэг кинон дээр “нэг машинтай эмэгтэй замаар дугуйтай явж байсан хүнийг дайрчихаад бууж гүйж очоод “битгий хөдлөөрэй, 103 дуудах гэж байна” гээд орилдог. Учир нь машинд мөргүүлсэн хүн хөдөлж болдоггүй юм. Хөдөлчих л юм бол нугас нь дарагдаад насаараа тахир дутуу явах эрсдэлтэй. Гэтэл нөгөө дайруулсан хүн сандарсандаа босож ирээд гэнэт амьсгал нь давчдаад эхэлж байгаа юм. Тэгсэн нөгөө эмэгтэй машинаасаа пиццаны цаас гаргаж ирээд тийш үлээлгэдэг шүү дээ. Хүн хэт баярлах, айж цочирдох, сандрах үед хэт амьсгалах хам шинж илэрч, нас барах тохиолдол ч байдаг. Хэт амьсгаадах үед уут руу амьсгалуулаад, тэр амьсгалсан агаараар нь буцаагаад амьсгалуулахаар сэргэдэг. Ард түмний эрүүл мэндийн боловсрол ийм чухал үүрэгтэй.

Гэтэл манайхан хэн нэгэн нь түлэгдэхээр анхны тусламж үзүүлж байна гээд гурил, элсэн чихэр, барааны саван түрхчихээд ирдэг. Үүнээс нь болоод халдварын хүндрэлүүд гардаг. Уг нь түлэгдсэн бол тэр хэсгийг хүнсний скочоор битүү ороогоод л эмнэлгийн байгууллагад аваад ирэхэд шингэн, уураг алдахгүй, халдвар ордоггүй. Иргэн бүр иймэрхүү анхны тусламжийн мэдлэгтэй байх ёстой. Иргэн бүр өөрийнхөө болон бусдынхаа эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байх ёстой гэдгийг ойлгох нь маш чухал.

Үүдэндээ мөнгөний машин суурилуулсан мөртлөө амилуулах төхөөрөмжгүй эмнэлгүүд байна шүү дээ

Эмнэлэг хүртэлх тусламжийг сайжруулахын тулд Япон, Хятад, Солонгост автобусны буудал бүрт, 500 метр тутамд амилуулах тусламж үзүүлдэг төхөөрөмж буюу "дефибриллятор" суурилуулсан байдаг. Манайд үйлчилгээний төвүүдэд жишээ нь, хамгийн их хүн холхидог Их дэлгүүрийн үүдэнд энэ төхөөрөмж заавал байж байх ёстой юм. Гэтэл үүдэндээ мөнгөний машин суурилуулсан мөртлөө ийм төхөөрөмжгүй эмнэлэг хүртэл байна. Энэ бол маш харамсалтай зүйл. Энэхүү төхөөрөмж нь хүний зүрх зогсох, ухаан алдах үед хэрхэх ёстойг зааварлаж өгдөг, маш чухал үүрэгтэй. Тухайн хүн өөрөө зүрхний хэмээ шалгаад, удирдаад ажилууллах боломжтой. Энэ бол заавал байх ёстой зүйл юм.

Ажиглаад байхад гадаад хүн ажилладаг зарим уул уурхайн компаниуд энэ төхөөрөмжийг суурилуулсан байдаг. Шалтгаан нь гадаад хүн ажиллаж байгаа болохоор тэр. Монгол хүн ажиллаж байгаа газар л тийм зүйл алга байна. Монгол хүний амь гэж яачихсан амь байдаг юм. Юугаараа тэднээс ялгаатай билээ. Монгол хүний үхэх нь л жамаараа, тавилангаараа болж байдаг. Жамаараа үхдэг зүйлээс сэргийлж байхын тулд л энэ нийгмийн цогцлоож бие, биенийхээ төлөө амьдарч байгаа шүү дээ, бид чинь.

Монголчууд зав гарангуут өөрийнхөө л төлөө ганданд очиж ном уншуулж, лам хооллодог, харин гаднынхан...

-Амилуулах тусламж үйлчилгээ үзүүлдэг төхөөрөмж нь хэд орчим төгрөгийн үнэтэй байдаг вэ?

-Амилуулах тусламж үйлчилгээ үзүүлдэг төхөөрөмж 4 сая орчим төгрөгийн үнэтэй байдаг. 4 саяас хямд үнэтэй хүний амь гэж юу байх вэ дээ. Манайд өнөөдөр түргэний машин хүрэлцэхгүй, амилуулах төхөөрөмж авах мөнгө алга гэж байна. Тайванд гэхэд иргэд нь амилуулах төхөөрөмж, түргэний машиныг өгөх гээд оочерлож байдаг. Яагаад гэж үү. Энэ нь нийгмийн сэтгэлзүйтэй холбоотой. Бид бол уулын орой дээр суварга барьдаг. Түргэний машинаас хэд дахин үнэтэй суварга барьдаг. Тэгээд тэр суварга дээр нь шувуу бааж, шээгээд уулын орой дээр байж л байдаг. Гэтэл гадаадад соёлтой оронд бие биенийхээ төлөө амьдарч чаддаг сэтгэлгээтэй. Тэд суварганы оронд түргэний машин худалдаж аваад дээр нь талийгаачийнхаа нэрийг бичээд, тэр машин нь хотын гудмаар өвчтэй хүн зөөгөөд буян үйлдээд явж байна. Суварга босгосноос илүү буян шүү дээ, уг нь.

Нийгэм тэр чигээрээ анхаарах ёстой салбар бол эмнэлэг хүртэлх тусламжийн салбар юм. Эмнэлэг хүртэлх тусламжийн салбарыг эмнэлэг тэр чигээр нь хариуцах боломж хомс байдаг. Сайн дурынхныг татан оролцуулах ёстой. Өвчтөн зөөгч сайн дурын байгуулагатай хамтрах ёстой. Монголчууд зав гарангуут өөрийнхөө л төлөө ганданд очиж ном уншуулдаг. Ганданд очиж лам хооллохыгоо л буян гэж бодоод байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад бол тийм биш. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байдаг.

-Эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээний талаар нэлээд гаргалгаатай, жишээ баримттай тайлбарлаж өгсөн танд барлалаа. Тэгвэл эмнэлэг доторх яаралтай тусламж үйлчилгээ гэж юу вэ. тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Эмнэлэг доторх яаралтай тусламж нь зүрхний шигдээс, тархины цус харвалт, гэмтлүүд, цус алдалт багтана. Тодорхой хугацаа өнгөрчих юм бол хэчнээн сайн эмч байгаад нэмэргүй өвчлөлүүд гэсэн үг. Тодорхой хугацаанд тусламжийг нь үзүүлээд үр дүнтэй болдог түүнээс хойш хэчнээн сайн тусламж үзүүлээд ч үр дүнгүй эмгэгүүд гэж байдаг. Дээрхи дөрвөн эмгэгийг хугацаа хамааралтайгаар яаралтай тусламж үзүүлэх ёстой. Ийм эмгэгүүдийн үед үзүүлэх тусламжийг сайжруулах чиглэлд ажиллах ёстой, эмнэлэг энэ чиглэлд илүү зохион байгуулалттай анхаарал хандуулах ёстой юм.

Түүнээс гадна эмнэлэг доторх яаралтай тусламжийг цочмог өвчлөлүүдэд үзүүлэх ёстой. Муужраад унасан, таталт өгсөн, даралт ихэссэн, гүйлгэж, гэдэс ходоод нь хямарсан гэх зэрэг эмгэг нь богино хугацаанд цочмогоор өвдөөд яаралтай тусламж үзүүлэх үед эргээд сэргэдэг. Заавал эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй, богино хугацаанд эмчлээд буцаадаг.

Архаг өвчний болон цочмогийн тусламж өөр, өөр байдаг. Энэ хоёрыг ялгаж салгаад яаралтай дээр цочмогийн тусламж үзүүлж байгаа хэсгийг нэлээн том болгоод илүү анхаарал хандуулж, зөв менежмент хийх шаардлагатай байдаг. Ингэснээр ухаан алдаад ирсэн хүнийг заавал эмнэлэгт хэвтүүлэх албагүй, яаралтай дээр эмчлээд буцааж болдог. Яаралтай тусламж гэдэг нь цочмог үеийн тусламж дээр нь л зөв менежмэнт хийхийг хэлж байгаа юм.

-Эрүүл байхын тулд хувь хүн ямар дүрмийг сахьж, мөрдөх ёстой вэ?

-Дийлэнх өвчлөл нь ард түмний амьдралын хэв маяг, соёлтой холбоотой. Манайд бол идэш ихэддэг том соёл байна. Цагаан сар бол хоолны хорлогын үе. Шинэ жил бол архинд хордолтын үе. Наадам бол нойр булчирхайн цочмог үрэвсэл, бүдүүн гэдэсний өвчлөлийн үе. Хорхог айраг ууж гэдсээ гаргаж сүүдэрт унтаад нойр булчирхайн цочмог үрэвсэл болоод ирдэг. Идээд байвал эрүүл байна гэдэг ойлголт Монголчуудын дунд байдаг. Маш буруу.

-Та АШУҮИС-д багшилдаг. Ер нь эмч хүн ямар байх ёстой вэ. Оюутнууддаа хэрхэн зааж сургадаг вэ?

-Эмч хүн хамгийн гол нь хүнлэг байх ёстой. Өвчтөнийг өөрийнхөө аав, ээж, ах дүү шиг бодож тэр хүний төлөө санаа зовнидог сэтгэл байх ёстой. Өвчтөний төлөө зовдог, шаналж чаддаг байх ёстой. Хандлага гэж хүмүүс яриад байдаг. "Сайн байна уу, сайхан уу" гээд наалинхай угтахаас илүү өвчтөнийхөө төлөө сэтгэл зовж, шаналж чаддаг байх ёстой. Үүнийг л хандлага гэж нэрлээд байгаа юм. Мэдээлэл нь мэдлэг болж, мэдлэг нь чадвар болоогүй хүмүүс маш их байна. Маш том серверүүд л яваад байдаг. Тест бөглөхөөр чадаад байдаг гараараа хийж чадахгүй, тэгсэн мөртлөө шүүмжилдэг. Байр суурийг нь жаахан өсгөөд тавьчихаар зөвлөөд байдаг. Хийж өгдөггүй. Аливаа зүйлтэй хутгалдахгүй байх санаатай. Өвчтэй хүнтэй очоод хутгалдаад ,зууралдаад байхгүй. Энэ маш харамсалтай. Эмч хүн хамгийн түрүүнд мэдлэгтэй, мэргэшсэн байх ёстой. Хоёрт, эмч бол хүн чанартай, хандлагатай байх ёстой. Нэмээд сэдэлтэй байх ёстой. Үүнийг сурчих юмсан, учрыг нь олчих юмсан, энэ хүний оношийг ингээд тодруулчих юм сан гэсэн хүсэл тэмүүлэл байх ёстой. Энэ гурван зүйл гурвуулаа байж л эмч болдог. Аль нэг нь байгаад эмч болдоггүй юм. Энэ гурван зүйлийн нийлбэр нь биш, үржвэр нь сайн эмч болно.

-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа хамгийн том хүндрэл юу байна вэ?

-Монголын эрүүл мэндийн салбар Орос загварын системтэй. Бүх эмнэлгүүдийг төрөлжсөн болгоод хуваачихсан. Гэмтлийн эмнэлэг дээр очсон хүн зөвхөн гэмтлийн тусламж үйлчилгээ л авдаг. Гэтэл Гэмтлийн эмнэлэгт очиж байгаа хүн бөөрний дутагдалтай, зүрхний шигдээстэй хүн байж болно. Цусны өвчтэй хүн ч байж болно. Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд байгуулчихаар тухайн эмнэлэгт л хүргэх гэсээр байтал цаг алдаад байгаа юм. Түгжрэл ямар билээ, бид хотынхоо нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл хагас өдөр болж байгаа. Гэмтлийн эмнэлэг рүү аваачих гэж хагас өдөр болоод байгаа юм. Гэмтсэн нь бай, хүүхэд ч бай, төрөх эмэгтэй ч бай, хаана ч очсон эмчлүүлдэг байх ёстой. Үүний горыг ард түмэн амсаад байна.