УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг Хагалгааны нэгдсэн тасгийн Нүдний мэс заслын өрөөний засварын ажлын гүйцэтгэлтэй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцлаа. Уг засварын ажлыг сайдын багцаас 85 сая төгрөгөөр санхүүжүүлж орчин үеийн шаардлагад нийцсэн үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангасан, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил болсныг УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар дурьдаж хамт олон болон үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
УНТЭ-ийн МХНТ-т өдөртөө 50-60 төлөвлөгөөт мэс засал хийгддэг ба үүний 15 орчим хувийг нүдний мэс засал эзэлдэг. Үүнд нүдний гэмтэл, ухархайн хугарал, нүдний даралт бууруулах, нүдний зовхи, нулимсны сувгийн мэс засал, болор, эвэрлэг, торлог, шилэнцэрийн мэс засал зэрэг нүдний бүх төрлийн мэс заслууд хийгддэг. Нүдний мэс заслын блокийг засаж сайжруулснаар аюулгүй орчинд мэс засал хийх боломжоор хангагдаж үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх төдийгүй мэс засал хийж буй эмч, сувилагч нарын ажиллах орчин сайжирч байна.