Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УОК: Монгол Улсад шинэ коронавирусийн ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

УОК: Монгол Улсад шинэ коронавирусийн ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа

"Урьд шөнө 02 цагт гадаадын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл ирсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллага, онцгой, эрүүл мэндийн байгууллагууд хамтарч ажилласан. Өглөө 06 цагт Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Гадаадын иргэнтэй хамт нисэж ирсэн, буудалд хамт байсан, хамт хооллосон, ажлын байран дээр цуг байсан иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, шинжилгээнд хамруулах ажлууд яаралтай хийж дуусгахыг даалгалаа" гэв.

Энэ ажлын хүрээнд гуравдугаар сарын 10-ны 07 цагаас гуравдугаар сарын 16-ны 07 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргажээ.

Шадар сайд:

"Одоо урьд урьдынхаас илүү хариуцлагатай сахилгатай, эмх цэгцтэй байх шаардлага тулгарч байна гэдгийг иргэддээ хандаж хэлж байна" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг өгсөн

"Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдварын эерэг буюу халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Давтан шинжилгээ хийж баталгаажуулна.

Коронавирусийн халдвар илэрсэн гадаадын иргэн гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирсэн бөгөөд түүнийг 14 хоног өөрийгөө тусгаарлан, гадагшаа гарахгүй байх зөвлөмж өгсөөр байтал үл тоож олон газраар явж нэгдүгээр хавьтлын 120 хүн байна.

Эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг тусгай хүчний байгууллагуудад Улсын онцгой комиссоос өгч байна. Бид урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтдээ мэдээллийг өгч байна. Дорноговь аймгаас сорьц зөөвөрлөгдөн ХӨСҮТ-д ирж эхний шинжилгээгээр урьдчилсан байдлаар эерэг хариу гарсан. Эхний шатанд шаардлагатай эм тариаг ХӨСҮТ-өөс авч Дорноговь аймаг руу явсан. Тэнд орон нутгийн эмч нар ажиллаж байна. Тухайн иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Гэхдээ халуунтай байгаа. Мэргэжлийн баг газар дээр нь очиж ажиллахаар яаралтай явсан" гэлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан:

Шаардлага биелүүлээгүй хоёр иргэнд хариуцлага тооцно

"Францын иргэний ирсэн онгоц, явсан маршрут, байрласан, орсон газруудыг тогтоосон. Нэгдүгээр хавьталттай байж болзошгүй 500 хүний нэрийг тогтоосон. Энэ иргэдээс шинжилгээ авах ажлыг цагдаагийн байгууллага эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Сумаас, аймгаас Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнийг зогсоож байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд энэ дэг журмыг чанд сахиулахыг нийт иргэд, сум орон нутгийн засаг захиргаанаас хүсэж байна. Иргэд нийгмийн дэг журмыг онцгойлон сахиж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад хувь хүн бүр анхаарах шаардлагатай.

Мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлага стандартыг бүрэн биелүүлэхийг хүсэж байна. Хавьталттай байна гэж сануулаад байхад шаардлага биелүүлээгүй иргэн н.Идэрболд, н.Дэжидмаа нарт хуулийн хариуцлага тооцно. Энэ бол бусдадаа вирус халдаах хамгийн эрсдэлтэй үйлдэл учраас аль ч сум, багт бай тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой." гэлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Гуравдугаар сарын 7-ны өдөр гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд халуурах шинж тэмдэг илэрлээ гэх мэдээллийг авмагц тусгааласан. Түүнээс гадна энэ хүнтэй хөдөө орон нутагт хамт байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний утас, хаяг, нэрс бүгд гарсан. Иймд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг яаралтай ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч эхэлсэн.

Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар коронавирус илэрсэн гадаадын иргэнд та 14 хоног өөрийгөө тусгаарлаж, гадагш гарахгүй байх шаардлагатай гэж зөвлөмж өгсөөр байтал үл тоож явсан гэх мэдээлэл байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байна. Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах ёстой гэдгийг хэлмээр байна. Хэрвээ энэ хүмүүстэй ойрхон байсан гэж үзвэл өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөж байна." гэлээ.

Эх сурвалж: http://gogo.mn/r/55ydw