УНТЭ-ээс жил бүр зохион байгуулагддаг "ЭРДМИЙН ЧУУЛГАН-41" эрдэм шинжилгээний хурал энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн эрдмийн чуулган сувилахуйн, дотрын анагаахын, мэс заслын анагаахын салбар гэсэн гурван салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж байна.
Цахим хурлыг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ
"Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаагийн хурлыг цахимаар зохион байгуулж байна. Манай эмнэлэг нь таван жилийн стратеги, төлөвлөгөөгөө шинээр боловсруулж, судалгааны ажлаа бодлоготойгоор хэрэгжүүлэх, 2021 оноос эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулан төсөв баталж, жил бүр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр бид нотолгоо, судалгаанд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Энэ удаагийн эрдмийн чуулганд оролцож байгаа нийт эрдэмтэн, судлаач нартаа амжилт хүсье.
УНТЭ -ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлах:
УНТЭ нь "Эрдмийн чуулган"-ыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хурал цахимаар болж байгаа тул орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хэн ч манай хуралд чөлөөтэй оролцох боломжийг олгож байна. Энэ удаагийн эрдмийн чуулган сувилахуйн, дотрын анагаахын, мэс заслын анагаахын салбар гэсэн гурван салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж байна. Өчигдөр сувилахуйн анагаах ухааны салбар хуралдаан амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тус хуралд 150 орчим хүн хамрагдсан байна. Өнөөдрийн хувьд дотрын анагаахын, мэс заслын анагаахын салбар хуралдаанууд бүтэн өдрийн турш үргэлжилнэ. 41 дэхь эрдмийн чуулганд 140 гаруй илтгэлүүд ирсэн бөгөөд салбар бүрээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулж, тухайн илтгэлүүдийг салбартаа нэр хүндтэй эрдэмтэн, доктор профессоруудаар шүүлт хийлгэж шилдэгийг шалгаруулна. 70 оноог шүүгч нар өгөх бол 30 оноог оролцогч нар өөрсдөдөө өгөх юм. Бидний хувьд эрдэм шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжих үүднээс шагналын санг нэмэгдүүлэхийг хичээн ажиллаж байна.
Та бүхэн доорх линкээр хандаж Эрдмийн чуулган - 41 цахим хуралд оролцох бүрэн боломжтой.