Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
О.БАЯРМАА: Коронавирусийн халдвар нь хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийг гэмтээж байна

О.БАЯРМАА: Коронавирусийн халдвар нь хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийг гэмтээж байна

07 сарын 28-ны өдөр Дэлхийн гепатитын өдөр. Энэ өдрийн Монгол Улс жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ өдрийн талаар болон элэгний өвчлөлийн талаар УНТЭ-ийн Гастроэнтерологийн Төвийн дарга, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч О.Баярмаагаас тодрууллаа.

-Сайн байна уу. “Дэлхийн гепатитын өдөр” тохиолдож байгаа юм байна. Энэ жил ямар уриатайгаар зохион байгуулагдаж байгаа вэ?

-Сайн байна уу. ДЭМБ-аас жил бүрийн 7 сарын 28-ны өдрийг “Дэлхийн гепатитын өдөр” болгон жил бүр өөр өөр уриатайгаар элэгний эмгэг, түүний хүндрэлүүдээс сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ жил “Бүү хүлээ, оношлуул, эмчлүүл” гэсэн уриан дор дэлхийн өнцөг булан бүрт энэхүү өдрийг тэмдэглэсэн. УНТЭ-ийн ГЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд жил бүр энэ өдрийг тохиолдуулан элэг гэмтээгч вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хийгдэх оношилгоо, эмчилгээ, хяналт, элэгний эмгэгийн хүндрэлүүдээс сэргийлэх, элэг шилжүүлэн суулгах эмчилгээний талаар зэрэг маш олон чиглэлүүдээр иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ жил коронавируст халдварын цартахлын нөхцөл байдлаас шалтгаалан иргэддээ цахим хэлбэрээр сургалт, мэдээлэл өгсөн.

-“Ковид-19” халдварын үед элэг гэмтэх үү?

-Тиймээ. Энэ халдварын үед зөвхөн уушги төдийгүй элэг, зүрх, бөөр гэх мэт амьдралын чухал эрхтнүүд гэмтэж байна.

Анх коронавирусийн халдвар бүртгэгдсэн үеэс эхлэн энэхүү халдварт өртсөн өвчтнүүдийн элэгний үйл ажиллагаа алдагдаж байгааг эмч, судлаачид анхааран судалсан бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн 14-83%-д нь элэгний үйл ажиллагааны алдагдал илэрч, өвчний явцыг хүндрүүлж байгааг, нас барагчдын 17.5% нь элэгний суурь эмгэгтэй байгаа болохыг тогтоогоод байна.

-Энэ вирус элгийг хэрхэн гэмтээдэг юм бол?

-Цөсний сувгийн эпители эсэд ACE-II type /Ангиотензин хувиргагч-II/ фермент ялгардаг бөгөөд түүнийг хүлээн авагч рецептор нь SARS-CoV-2 вирусийг эс рүү нэвтрүүлэх гол хүчин зүйл болдог. Тэгэхээр SARS-CoV-2 халдвар нь цөсний сувгийн эсээр дамжин элэгний гэмтлийг үүсгэдэг байна. Үүнээс гадна коронавирусийн эсийг гэмтээх шууд нөлөө, хянах боломжгүй үрэвслийн хариу урвал /үжил/, хүчилтөрөгчийн дутмагшил, элэгний суурь өвчин, вирусийн халдварын эсрэг хэрэглэж буй эмийн бодисууд зэрэг олон хүчин зүйлүүд зэрэгцэн нөлөөлдөг гэж үзэж байна.

-Элэг гэмтсэн гэдгийг яаж мэдэх вэ?

-Элэг нь эрүүл байсан хүмүүст амьсгалын замын халдварын шинжүүд илрэх бөгөөд элэгний үйл ажиллагааны буюу биохимийн шинжилгээн дээр өөрчлөлт илэрдэг. Харин элэгний цирроз, хавдартай хүмүүст үндсэн өвчний шинж тэмдэг нь хүндрэх байдлаар илэрч байна.

Жишээ нь: элэгний циррозтой өвчтний хэвлийд ус үүсэх, хэвлийдээ шингэнтэй байсан бол хэмжээ нь ихсэх, шарлалт нэмэгдэх, шээс ховордох, ядарч сульдах, уургийн дутагдал нэмэгдэх, шалтгаангүйгээр шинжилгээнд үрэвслийн үзүүлэлтүүд ихсэх, ухаан санаа самуурах, нянгийн халдварт өртөх зэрэг шинжүүд илэрнэ.

Тиймээс дэлхийн элэг судлаачид элэгний архаг эмгэгтэй өвчтнүүдэд ковидын халдварын шинж тэмдэггүй байсан ч эмнэлэгт хандах бүрт нь PCR шинжилгээ хийхийг зөвлөж байгаа. Бид ч мөн энэ зарчмыг баримтлан ажиллаж байна.

-Тэгвэл эдгээр хүмүүст ханиалгах, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх зэрэг ковидын шинжүүд илрэхгүй гэсэн үг үү?

-Яг ковидын халдварын шинжүүд халдвар авсан эхний хоногуудад илрэхгүй. Өөрөөр хэлбэл архаг хууч өвчтэй хүмүүст өвчний нууц хугацаа нь 7-14 хоног хүртэл удаан үргэлжилдэг гэсэн үг. Гэтэл энэ хугацаанд уушги хэдийнээ гэмтэж вирусийн хатгалгаа үүссэн байдаг байна. Ямар ч төрлийн вирус, нян, мөөгөнцөрийн халдвар элэгний өвчнийг хүндрүүлж, ээнэгшлийг нь алдагдуулах шалтгаан болж байдаг. Тэгэхээр коронавирусийн халдвар ч мөн адил гэсэн үг. Тийм ч учраас архаг хууч өвчтэй хүмүүст коронавирусийн халдвар хүнд явцтай, олон эрхтний үйл ажиллагааг зэрэг алдагдуулж нас баралтанд хүргэх шалтгаан болоод байгаа юм. Мэдээж шинж тэмдгээс гадна элэгний гэмтлийг үнэлэх гол үзүүлэлт нь элэгний үйл ажиллагааны буюу манай иргэдийн мэддэгээр биохимийн шинжилгээ байдаг. Энэ шинжилгээнд гарч байгаа өөрчлөлтөөр нь элэгний эсийн гэмтэл давамгайлсан, цөсний замын гэмтэл давамгайлсан, холимог хэлбэр гэсэн 3 хэлбэрт хувааж үзэн тэдгээрт тохирсон эмчилгээг хийнэ.

-Ковидын хөнгөн хэлбэрээр өвдөх үед ч бас элэг гэмтэх үү?

-Заавал элэг гэмтэнэ гэж ойлгож болохгүй. Ер нь халдвар авсан хүмүүсийн 14-83%-д нь элэгний үйл ажиллагааны алдагдал илэрдэг тухай дээр дурьдсан.

Хэдийгээр ийм их тохиолдолд элэг гэмтэж байгаа ч энэ нь түр зуурын өөрчлөлт байгаад халдвар эдгэрэх үед хэвийн болдог. Тиймээс халдвараар өвдсөн хүмүүс эдгэрсэнийхээ дараа шинжилгээ өгч эмчид хянуулах шаардлагатай. Элэгний архаг эмгэгтэй хүмүүс вакцины бүрэн тундаа хамрагдсан тохиолдолд ковидын хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрч байгаа тохиолдол олон байна. Мөн эдгэрсэний дараа элэгний эмгэг нь ээнэгшлээ алдах, хүндрэх тохиолдлууд ч бас байна. Тиймээс халдвар аваад эдгэрсэний дараах хяналт маш чухал.

-Ер нь халдварын тархалт өндөр байгаа энэ үед элэгний эмгэгтэй хүмүүс юуг анхаарах вэ?

-“Ковид-19” цартахлын үед элэгний архаг эмгэгтэй хүмүүст баримтлах дараах зарчмуудыг зөвлөж байгаа. Үүнд:

  • Өмнө нь хийж байсан эмчилгээгээ эмчийн хяналтанд тасралтгүй үргэлжлүүлэх
  • Товлолт үзлэг, шинжилгээндээ хамрагдах бөгөөд аль болох цахим хэлбэрийг сонгох
  • Зайлшгүй шаардлагатай ажилбар /дурангаар эмчилгээ хийлгэх, хавдрын хэсэг газрын эмчилгээ/, мэс заслын эмчилгээ /элэг шилжүүлэн суулгах/ -г мэргэжлийн эмч нартай ярилцан халдварын эрсдлийг тооцож хийлгэх
  • Халдвараас сэргийлэх /амны хаалт зүүх, гараа угаах, зай барих, олон хүн цугларсан газраар явахгүй байх/
  • Вакцинжуулалтанд бүрэн хамрагдах

-Баярлалаа.