Хууль тогтоомж
Холбоо барих
Талархал
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
СЭЗИС-тай хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа

СЭЗИС-тай хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн ректор Б.Мөнхбаяр нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах арга хэмжээнд СЭЗИС-н хамтын ажиллагаа, платформ хариуцсан проректор Д.Анхтуяа, Эдийн засаг, санхүү хариуцсан проректор С.Бямбахорлоо, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга С.Батбуян, УНТЭ-н Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Түвшинтөр, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга Б.Доржханд болон бусад албадын хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал “УНТЭ нь 2020 оны 4-р сараас эхлэн хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхэлсэн ба энэ оны 3-р сарын 1-ний өдрөөс ЭМДҮЗ-н 03 дугаар тоот тогтоолын дагуу эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсонтой холбоотойгоор улсын санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдийн гол уурхай болсон СЭЗИС-тай эмнэлгийнхээ эдийн засаг, төлөвлөлт цаашдын хөгжлийн төлөө хамтран ажиллахаар болж байгаад туйлын баяртай байна. Хамтын ажиллагааны хүрээнд танай сургуулийг түшиглэн, эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, бусад эмнэлгүүдэд жишиг болохуйц орлого, зарлагын өртгийг тооцоолон эмнэлгийн ашгийг зөв зохистой хуваарилан эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудал болон цалин урамшуулал дээр анхаарч ажиллах ажлуудыг хийх эхлэлийг тавьж байна гэж үзэж байгаа” гэв.
Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр “Боловсрол, эрүүл мэндийн салбар бол улс орны тэргүүлэх чухал салбарууд юм. Цар тахлын хүнд хэцүү цаг үед эрүүл мэндийн салбарынхан хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахад цаг наргүй зүтгэж байгаа та бүхэндээ чадах хэмжээгээрээ хамтран ажиллах нь чухал гэдэгт санал нэгтэй байгаа. Та бүхэнтэй хамтын ажиллагаа эхлүүлж байгаад баяртай байна. Манай сургуулийн зүгээс өмнө нь санхүүжилт, өртгийн удирдлагын чиглэлээр хийж байсан судалгаа, хөтөлбөрүүд байдаг. Тэдгээр хөтөлбөрүүдийн үр дүнг эрүүл мэндийн салбар дээр тэр дундаа Монголын ууган эмнэлэг болох УНТЭ-тэй хамтран хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. бидний ажлын үр дүнд энэ салбарт тодорхой өөрчлөлтүүдийг авчирч, хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэв.
​Цаашид энэ төслийн хүрээнд гүйцэтгэлийн санхүүжилтийн үед эмнэлгийн бүх орлого, зарлага эдийн засгийн тооцооллыг хийснээр хэрхэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулах, эмнэлэг ашигтай ажиллаж эмч, эмнэлгийн ажилчдын цалин, урамшууллыг нэмэх талаар ярилцлаа. Мөн талууд хүний нөөц, гадаад харилцаа, мэдээлэл технологи болон боломжит бусад салбарууд дээр ч хамтарч ажиллах талаар чухалчилж ярилцлаа.
Arslan.mn