Канад-Монголын эмнэлгийн төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг Нүд судлал, мэс заслийн тасгийн эмч нарын бичил мэс заслын ур чадварыг хөгжүүлэх, дадлагажих ТӨВИЙГ байгууллаа.
Тодруулбал, Канад улсад төвтэй “Laurel Surgical Foundation”-тай хамтарч 2015 оноос хойш хэрэгжүүлж буй Монгол-Канад эмнэлгийн төслийн хүрээнд нүдний бичил мэс заслын ур чадварыг хөгжүүлэх төвийг байгуулж багаж тоног төхөөрөмжийг хандивлах ёслолын үйл ажиллагаа ийнхүү өнөөдөр болов.
Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны төлөөлөл, Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Катрин Ивкоф, Монгол-Канадын эмнэлэгийн төслийн удирдагч, Лаурел Мэс Заслын сангийн захирал, Бритиш Колумбиагийн их Сургуулийн нүд судлал, харааны шинжлэх ухааны тэнхимийн профессор Хью Парсонс болон бусад холбогдох төлөөлөгчид оролцлоо.
Нүдний бичил мэс заслын ур чадварыг хөгжүүлэх төв нь нойтон болон хуурай буюу виртуал төхөөрөмж ашиглан дадлага хийх боломжтой хосолсон лабораторитой. Төвийг байгуулахад Монгол-Канадын эмнэлгийн төслөөс 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хандивлаж өрөөг шинэчлэн тохижуулсан байна.
Монгол-Канадын эмнэлэгийн төслийн удирдагч, Лаурел Мэс Заслын сангийн захирал, Бритиш Колумбиагийн их Сургуулийн нүд судлал, харааны шинжлэх ухааны тэнхимийн профессор Хью Парсонс "Бид энэхүү лабораторийг нээх гэж шаргуу хөдөлмөрлөсөн. УНТЭ-ийн зүгээс эмч нарыг сургах шаардлагатай гэсэн санал гаргасан. Энэхүү лобарторийг байгуулахад ЭМЯ, УНТЭ-ийн удирдлагууд болон Нүд судлал, мэс заслын тасгийн хамт олны дэмжлэг туслалцаа чухал байсан. Нүдний болрын болон даралтын мэс заслуудыг хийдэг бөгөөд мэс заслууд маш нарийн аргаар хийгддэг тул эмч нарын ур чадварыг сайжруулах чухал. Тиймээс энэхүү лабораторийг нээснээр залуу эмч нар илүү бодиттойгоор өндөр түвшинд ур чадвараа сайжруулж, суралцах боломж бүрдэж байна." гэв.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал "2015 оноос өмнө эхэлсэн энэхүү төсөл манай эмнэлэг дээр хэрэгжиж буй гадаадын төслүүдээс хамгийн амжилттай явж байгаа төслүүдийн нэг. Үе, үеийн эмнэлгийн удирдлагууд тэр дундаа Нүд судлал, мэс заслын тасгийн хамт олон идэвх зүтгэлтэй ажилласны үр дүнд төсөл 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, дахин 5 жилээр сунгагдаж байгаад баяртай байна. Энэ төслийн хүрээнд Нүд судлал, мэс заслын тасагт шаардлагатай багаж төхөөрөмж нийлүүлэхээс гадна, Канад улсын Бритиш Колумбиагийн их Сургуулиас нарийн мэргэжлийн эмчийг бүтэн жилийн төлбөрийг дааж, сургаж төгсгөөд байна.
Энэ лаборатори нээгдсэнээр Монгол Улсын нүдний чиглэлийн бүх эмч нарын ур чадварыг сайжруулах, бодит байдлаар мэс засал хийх орчин үеийн лабораторийг байгуулж үйл ажиллагаанд оруулж байгаад туйлын баяртай байна. Лабораторид манай эмнэлгийн эмч нараас гадна нүдний чиглэлээр сурч байгаа бүх эмч нарыг ажиллах боломжтой. Мөн хөдөө орон нутгаас эмч нар ирж, мэргэжлийн дараах сургалтуудад хамрах боломж нээгдэж байна. Ингэснээр нүдийн мэс заслын салбар хөгжил нэг шат ахиж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ сайжирч, үр шимээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ төслийг хэрэгжүүлж байгаа Лаурел Мэс Заслын сангийн хамт олон болон дэмжиж ажиллаж байгаа бүх байгууллагуудад Монголын нүдний бүх эмч нарын өмнөөс болон УНТЭ-ийн хамт олны зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. " гэв.
Энэхүү Нүдний бичил мэс заслын ур чадварыг хөгжүүлэх төв нь Монгол-Канад эмнэлгийн төслийн хүрээнд хийгдэж буй гурав дахь дэд ажил юм.
Тухайлбал, УНТЭ, ХСҮТ, Говь-Алтай, Архангай, Өмнөговь аймгийн нэгдсэн болон БОЭТ-үүдэд нүд судлал, цээжний хөндийн хавдрын мэс засал, толгой хүзүүний хавдрын мэс засал, хавдрын мэс заслын өмнөх болон дараах сувилахуй, сургалтын чиглэлээр хэд хэдэн ажлыг гүйцэтгэсэн байна.
Цаашид төслийг үргэлжлүүлэн нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах, нүдний нөхөн сэргээх мэс засалч, торлог шилэнцэрийн мэс засалч зэрэг нарийн мэргэжлийн эмчийг өндөр хөгжилтэй оронд сургаж бэлтгэхэд хамтран ажиллана. Мөн шаардлагатай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, алслагдсан бүс нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамруулах, резидентийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.