Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ЦӨСНИЙ ЧУЛУУТАЙ ГЭЖ ОНОШЛОГДСОН БОЛГОНД ХАГАЛГАА ХИЙХГҮЙ

ЦӨСНИЙ ЧУЛУУТАЙ ГЭЖ ОНОШЛОГДСОН БОЛГОНД ХАГАЛГАА ХИЙХГҮЙ

Элэг, цөс, нойр булчирхайн хавдрын өвчлөл, шалтгаан, урьдчилан сэргийлэлтийн талаар УНТЭ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эмч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганзориг маш товч бөгөөд тодорхой мэдээлэл зөвлөгөө өглөө.

Хорт хавдар үүсгэдэг нөхцөл нь гадаад, дотоод хүчин зүйлтэй.

  • Гадаад хүчин зүйлд: идэж буй хоол хүнс, агаарын бохирдол, архи тамхи, хорт зуршил, амьдралын буруу хэв маяг
  • Дотоод хүчин зүйлд: Удамшил, генийн эмгэг өөрчлөлт зэрэг шалтгаанууд нөлөөлдөг.

Манай улсын хувьд хавдрын өвчлөл дэлхийн дунджаас байнга өндөр байгаа. Ялангуяа элэг, ходоодны хорт хавдар 100 мянган хүнд тохиолдох тоогоор нэгд байна.

Таны хавдар яг архинаас эсвэл ганцхан зүйлээс шалтгаалаад үүсчихсэн байна гэж оноож хэлэх боломжгүй. Дийлэнх нь гадаад хүчин зүйл буюу олон жилийн хорт буруу зуршил, таргалалт, хооллолт, амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор үүссэн байдаг.

Нойр булчирхайн эрүүл мэнд ба өвчлөл

Нойр булчирхайн үрэвслээр өвдөөд, архаг үрэвсэлтэй яваад байх нь хадвар болж хүндрэх шалтгаан болдог. Нойр булчирхайн үрэвсэл үүсгэх олон шалтгаан бий. Манай улсад хоол унд, архины шалтгаант үрэвсэл маш их. Ялангуяа нийтээр тэмдэглэдэг баяр наадмын дараа нойр булчирхайн үрэвсэлт өвчин эрс нэмэгддэг. Тостой хоол идээд араас нь хүйтэн ундаа, архи дарс уучихдаг. Мэддэг боловч идэж уудаг зүйлдээ огт анхаардаггүй. Улмаар нойр булчирхай нь үрэвсээд эмнэлэгт ханддаг. Бусад хөгжилтэй орнуудад нойр булчирхайн үрэвслийн дийлэнх шалтгаан нь цөсний замын чулуу байдаг бол манайд энэ нь эсэргээрээ.

Нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт ирж үзүүлж, эмчлүүлж байгаа хүмүүсийн олон жилийн ажиглалт, бодит судалгаагаар хоол, архины шалтгаанаар нойр булчирхайн үрэвсэлтэй болж ирсэн тохиолдол их байна. Энэ талаар нарийн мэргэжлийн эмч нар хэвлэлийн бага хурал хүртэл хийж анхааруулж байсан удаатай. Өөх тостой хоол ихээр иддэг, араас нь хүйтэн юм уудаг. Энэ мэт буруу хооллолтоо анхаараарай, хянаарай гэж үргэлж хэлдэг.

Гол аюул нь яг ийм шалтгаанаар нойр булчирхайн цочмог үрэвсэлээр өвдөөд цаашлаад үхжилд шилжих юм бол мэс засал хийсэн ч нас баралт 70-80 хувьтай маш өндөр байдаг.

Нойр булчирхай өвдөж буйг илтгэх шинж тэмдэг

Нойр булчирхайн үрэвсэлтэй үед хурц хоол идэх, хоёр хундага архи уухад аюулхай орчмоор бүсэлж ороож өвдөх, гүйлгэх, бөөлжих гол шинжүүд илэрнэ. Хурц юм идэх бүрд ойр ойрхон гүйлгээд байвал нойр булчирхайгаа анхаарч үзүүлэх шаардлагатай.

Харин нойр булчирхайн хавдрын үед арай өөр шинж тэмдгүүд дээрх дээр нэмэгдэнэ. Гол шинжүүд нь турах, нүд ам арьс салст шарлах, ядарч сульдах.

Цөсний чулуу нойр булчирхайд яаж нөлөөлдөг вэ?

Цөс, нойр булчирхайн суваг нийлж нэг болж байж гэдэс онгойно. Тиймээс цөс нь эхэлж өвдвөл нойр булчирхай нь дагаад өвддөг. Аль нэг нь өвдөхөд нөгөөхөө нь өвддөг харилцан хамааралтай.

Сүүлийн үед цөсний хүүдийгээ авхуулах нь насны хувьд эрс залуужсан. Эх нялхсын Хүүхдийн мэс заслын тасагт 5,6-хан настай хүүхдүүд дурангаар цөсний хүүдийгээ авхуулж байна. Амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөн бүхий л зүйлтэй холбоотойгоор нас залуужиж байна. Гэр бүлийнх нь хэв маяг буруу байгаа учраас л тэр.

Илүүдэл жин, өөх тосны зохисгүй хэрэглээ цөсний чулуу үүсгэх шалтгаан болж байна. Өөх тос огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Хэтрүүлээд их хэрэглэвэл үрэвсэл үүсгээд, огт хэрэглэхгүй байхаар цөс ялгарахгүй, агшилт муудаад хүүдийн дотор цөс нь ялгарахгүй өтгөрсөөр чулуу болдог. Тиймээс өөх тосны зөв хэрэглээтэй байх хэрэгтэй. Өглөөний цайгаа алгасахгүй заавал ууж хэвших, орой хөнгөн хооллох зэргээр хооллолтын дадал зуршлаа зөв байлгах нь чухал. Манайхан мэдсээр байж өглөө яаран сандран өлөн гараад, орой нь хүнд хоол их иддэг. Энэ маш буруу.

Цөсний чулууг ямар тохиолдолд авхуулах вэ?

Цөсний хүүдийнд байгаа чулуу болгонд хагалгаа хийх шаардлагагүй. Ойр ойрхон өвдөөд, дахилт өгөөд, хурц хоол идэхээр л өвдөөд байвал, чулуу нь тагалж шигдээд цочмог үрэвссэн бол хагалгаа хийнэ. Түүнээс цөсний чулуутай гэж оношлогдсон болгонд хагалгаа хийхгүй. Байж байвал илүү дээр.

Цөсний хүүдий өөрийн гэсэн үүрэгтэй учраас шууд авчихаж болохгүй. Хагалгаанд орсноос болж бас өвчин үүсэх эрсдэлтэй. Энэ талаар олон улсын батлагдсан судалгаа бий. Цөсний хүүдийг авах хагалгаа хүндрэлгүй хийгдсэний дараа ч "цөсний хүүдий авхуулсны дараах хам шинж" гэж өвчин үүсэж болно.

Цөсний хүүдийндээ чулуу байна уу, цөсний зам, сувагт байна уу гэдгийг эхлээд ялгах ёстой. Сүүлийн үед цөсний сувагны чулуутай тохиолдол сүүлийн хэдэн жилд нэлээдгүй ихэссэн. Сувгандаа чулуу үүсэх нь илүү төвөгтэй. Ходоодоор нь дурандаж сувгийн чулууг гэдэс рүү оруулах нэмэлт ажилбар хийгддэг. Энэ нь нойр булчирхай үрэвсүүлэх эрсдэлтэй ажилбар. Тиймээс цөсний чулуу үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Элэгний эрүүл мэнд ба өвчлөл

Элэг дүлий эрхтэн учраас зангилаа үүссэн ч хүндээ зовуурь өвдөлт мэдрэгдэдгүй. Ингэж явсаар аажимдаа хатуурал, хавдар болж хүндэрдэг. Үүнээс сэргийлэх гол арга нь эрт илрүүлэх үзлэгт тогтмол орох юм. Одоо орон даяар хийж буй эрт илрүүлгийн багцад ЭХО оношилгоо орсон байгаа. ЭХО-оор элэг хатуурч эхэлж байна уу, хавдар үүсэж байна уу гэдгийг хангалттай харах боломжтой. Тиймээс заавал хамрагдаарай. Нэг удаа үзүүлээд зогсохгүй ядаж хоёр жил тутам үзүүлээд, хянаад сурчих юм бол эрт үед нь эмчилж эдгээх боломжтой.

Элэгний хорт хавдрын шалтгаан нь амьдралын хэв маягаас гадна нэмж хэлэхэд махны хэт их хэрэглээ нөлөөлж буй талаар судалгаа бий. Мах их хэрэглэхээр элгэнд төмөр ихээр хуримтлагддаг. Төмрийн давс нь элэгний эсийг гэмтээж хавдарт шилжих үндэс болдог. Тиймээс махны хэрэглээгээ тааруулахыг онцгойлон анхааруулж байна.

Уг нь бид өвлийн цагт дотор галын илч, энерги, тамираа тэтгэх гэж маха хэрэглээд, урин дулаан зуны цагт мах хэрэглэхгүй, цагаан идээ ундаагаа хэрэглэж элгээ цэвэрлэдэг уламжлалтай ард түмэн шүү дээ. Энэ уламжлал эрүүл мэндийн хувьд маш их ач холбогдолтой байв. Гэтэл одоо бүх улиралд, бүр зуны улиралд хорхог боодог гээд тостой мах илүү их хэрэглэж байна. Ядаж мах идэж байгаа бол түүнээс хоёр дахин их ногоо, байцаат ургамал, ногоо хэрэглэж байх хэрэгтэй. Монголд тэргүүлэх хавдар нь элэгний хавдар болчихоод байгаа гэдгийг анхаарах цаг хэдийн болсон. Хувь хүний, гэр бүлийн амьдралын хэв маяг хамгийн чухал нөлөөтэй юм шүү.

Урьдчилан сэргийлэлт

Дотоод хүчин зүйл буюу удамшлын хүчин зүйлийг тухайн хүн засах боломжгүй. Харин гадаад хүчин зүйлс бол 100 хувь таниас шалтгаална. Жишээ нь, тамхи татахаа боль. Тамхи зөвхөн уушгинд биш ходоод, элэг гээд бүхий л хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог. Тиймээс хорт зуршлаа багасгах, эрүүл хоол хүнс хэрэглэх зэрэг өдөр тутмын хэв маягтаа анхаарах хэрэгтэй.

Хавдар гэнэт үүсдэггүй. Олон жилийн амьдралын дадал зуршил, хэв маягтай холбоотойгоор бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо тамхи татаад, архи уугаад зүгээр байна гэж байгаа боловч 10,20 жилийн дараа хавдрын хүнд шатандаа орчихсон оношлогдох нь элбэг. Тиймээс дадал зуршлаа өөрчлөх, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдан хянаж явах нь хорт хавдар болж хүндрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм.

ХУВААЛЦАХ