Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ӨСВӨР НАСАНД БУЮУ 16-ААС ДЭЭШ НАСАНД ТӨМСӨГНИЙ СУДАСНЫ ӨРГӨСӨЛ ӨВЧИН ТҮЛХҮҮ ТОХИОЛДДОГ

ӨСВӨР НАСАНД БУЮУ 16-ААС ДЭЭШ НАСАНД ТӨМСӨГНИЙ СУДАСНЫ ӨРГӨСӨЛ ӨВЧИН ТҮЛХҮҮ ТОХИОЛДДОГ

рчүүдийн эрүүл мэндийн асуудал, түгээмэл тохиолддог өвчлөл тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн их эмч, АУ-ны магистр П.Мягмарсүрэн дараах зөвлөгөөг өглөө.

Эрэгтэйчүүдэд тулгарч буй гол асуудал нь дундаж наслалт эмэгтэйчүүдээс бараг 10 жилээр бага байгаа явдал. Энэ нь халдварт болон халдварт бус өвчлөл, хавдрын өвчлөл гэх мэт эрүүл мэндийн байдалтай нь түлхүү холбоотой.

Эрэгтэйчүүдийн дунд хамгийн их тохиолддог өвчлөл нь,

  • Зүрх судасны тогтолцоо талаасаа даралт ихсэлт, цус харвалт гэх мэт өвчин эмгэгүүд,
  • Хавдар,
  • Чихрийн шижин,
  • Хоол боловсруулах тогтолцооны талаас ходоод, элэг цөсний өвчлөл,
  • Амьсгалын тогтолцооны өвчнүүд хамгийн их тохиолдож байгаа бөгөөд нас баралтын голлох шалтгаан болж байна.

2021 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн нас баралтад хүргэж буй гол өвчлөл нь зүрх судас, хавдар, үйлдвэрийн осол болон амиа хорлолт байна.

Ялангуяа сүүлийн жилүүдэд шинээр тохиолдол нь нэмэгдэх болсон анхаарал татаж буй асуудал нь амиа хорлолт болоод байгаа.

Яагаад эдгээр өвчин эрэгтэйчүүдэд түлхүү тохиолдоод нас баралтад хүргээд байна вэ?

Буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ гэсэн хэдхэн үндсэн шалтгаантай. Эдгээр хүчин зүйлс зөвхөн эрэгтэй хүнд байдаг эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн ул суурь нь болж байна гэж үзэж байгаа.

Тестостерон эр бэлгийн даавар нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг шалтгаануудын улмаас тодорхой хэмжээгээр буурдаг.

Тестостероны хэмжээ буурснаар эрэгтэй хүн аливаа асуудлыг шийдэх гарцгүй, стресс уур бухимдалтай, биеийн булчингийн хөгжил, ясны бэхжилтүүд мууддаг. Энэ нь эргээд илүүдэл жинтэй болоход нөлөөлнө. Улмаар стрессээ архи тамхи хэрэглэх зэрэг буруу аргаар тайлна. Ингэж явсаар дээр хэлсэн өвчин эмгэг улмаар нас баралтад хүргэж байна.

Нөгөөтэйгүүр, Эрэгтэйчүүдийн жендрийн буруу хэвшмэл байдал нөлөөлж буй. Өвдөж, шинж тэмдэг илрээд байхад биеэ тоохгүй, орхидог, эмнэлэгт оройтож ханддаг байдал одоо ч байсаар. Ихэнхдээ өвчний хожуу шатандаа оношлогдож байна. Харин сүүлийн үеийн залуус биедээ харьцангуй анхаардаг болсон. Архи тамхины шалтгаан шинэ үеийнхэнд харьцангуй буурч байна. Эрүүл мэндийн боловсрол ч сайжирч байгаа нь сайн хэрэг.

Зөвхөн эрчүүдэд тохиолддог өвчин эмгэгийн тухайд

Анагаах ухааны "андрологи" -ийн салбар нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтнүүдэд тохиолддог эмгэгүүдийг судалж шинжилдэг. 1957 онд УНТЭ-т Андрологийн тасаг байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байгаа.

Эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний хамгийн том төлөөлөл нь түрүү булчирхай. Түрүү булчирхай нь булчинлаг болон булчирхайлаг гэх мэт олон чухал үүрэ гүйцэтгэдэг, эрэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаагаа явуулах чадварыг хадгалахад чухал нөлөөтэй.

Түрүү булчирхайн өвчлөлийг дараах насны ангилалд хувааж үздэг. Үүнд:

  • 55-60 болон түүнээс дээш насанд тохиолдож байгаа нь түрүү булчирхайн хоргүй хавдар,
  • 55-аас доош насанд тохиолдож байгаа түрүү булчирхайн эмгэг нь түрүү булчирхайн үрэвсэл.

Залуу насанд тохиолдож байгаа түрүү булчирхайн үрэвсэл гэдэг нь түрүү булчирхайн эдэд үрэвсэл явагдахыг хэлнэ. Гадна нянгийн болон бусад шалтгаанаар үрэвсдэг. Түгээмэл тохиолддог шалтгаан нь бэлгийн замаар дамих халдварт өвчин, стресс, биеийн дархлаа сулрах, бусад эрхтний архаг үрэвслээс болж түрүү булчирхай үрэвсдэг.

Түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдэг:

  • Шээх үйл ажиллагаа алдагддаг.
  • Ойр ойрхон шээх, дүлж шээх, шөнө шээх, дутуу шээсэн юм шиг санагддаг.
  • Мөн залуучуудад өвдөлтийн хам шинжүүд түлхүү илэрдэг. Тухайлбал, төмсөг, салтаа, цавиар өвдөх, давсгаар өвдөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах шинж тэмдэг нэмэгдэнэ.

Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь хамгийн чухал. Харьяа дүүрэг, эрэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж зөв оношилгоо хийлгээрэй.

Ахимаг насны эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн хоргүй хавдар тохиолддог гэж дээр хэлсэн. Нас ахих тусам цусан дахь тестостероны хэвийн харьцаа алдагдалж түрүү булчирхай хэмжээгээрээ томорч, шээх үйл ажиллагаанд саад үүсэх зовуурь илэрдэг. Энэ тохиолдолд мөн л ойр ойрхон шээх, дүлж шээх, дутуу шээх, зарим хүнд тохиолдолд шээс хаагдах нь бий. Үүнийг энгийн асуумжаар үнэлэх боломжтой. Өрхийн эмнэлгүүдэд очоод үзүүлж болдог.

Оношилгоо

Түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдэг илэрсэн бол хэд хэдэн шинжилгээ өгөх ёстой.

  • Нэн түрүүнд ЭХО буюу хэт авиан шинжилгээгээр түрүү булчирхайн хэмжээ, үлдэгдэл шээс, тухайн хэсэгт үрэвсэл явагдаж байгаа эсэхийг илрүүлдэг. Мөн шээсний шинжилгээ өгнө.
  • Залуучууд түрүү булчирхайн үрэвслээр өвдсөн бол бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх PCR шинжилгээг нэмэлтээр өгөх ёстой.
  • 40-өөс дээш насанд эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн хавдрын өвөрмөц маркер цусанд ямар хэмжээтэй байгааг илрүүлдэг.

Судалгаагаар бэлгийн идэвхтэй амьдралтай, залуусын дунд БЗХӨ нэлээдгүй байна. Бэлгийн замын халдварт өвчин түрүү булчирхайд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсон, бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, оношлогдсон бол эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэх ёстойг энд анхааруулж хэлье. Ялангуяа бэлгийн замын халдварын үед цохилтын болон эмчилгээний тунг зэрэгцүүлж хэрэглэх ёстой байдаг. Хамгийн багадаа 14 хоног эмчилгээ хийлгэж байж бүрэн эдгэрнэ. Гэтэл хүмүүс нэг удаа цохилтын тун хийлгээд л орхичихдог. Эмчилгээгээ дутуу хийлгэдэг. Тухайн үрэвсэл ямар ямар эрхтэнг хамарсан байгаагаас хамаарч эмчилгээний тактик өөр байна. Жишээлбэл, халдвар нь шээдэг сүвийг үрэвсүүлсэн тохиолдол ялгадас гарах бөгөөд цаана нь төмсөг, түрүү булчирхай нь хавдчихсан, буглаа үүссэн байх эрсдэлтэй. Тийм бол тухайн шинж тэмдгийн ангилал үе шат бүрд тохирсон өөр өөр эмчилгээг зөвхөн эмч л зөвлөнө.

Халдварт өвчнөө дутуу эмчилсэн, дахисан, олон жил өвчинтэйгөө явчихсан хүмүүс байдаг?

Дутуу эмчилсэн болон халдвар дахих нь түрүү булчирхай, төмсөгний эмгэгүүдийг үүсгэх эрсдэлтэй. 60-аас дээш насанд тохиолдох түрүү булчирхайн хоргүй хавдрын хугацаа нь бүр эрт буюу 40, 50 насанд тохиолдох, эрт мэс засалд орох хүнд нөхцөлд орно.

Бас нэг аюултай зүйл нь үргүйдэлд хүргэдэг. Нас ахиад ирэхээр шээс хаагдах, цустай шээх, шээсний замын халдварт өртөх, давсганд чулуу үүсэх, хоёр бөөрөнд усжилт үүсэж бөөрний үйл ажиллагаа алдагдан улмаар бөөрний дутагдалд орох аюултай.

Эмчилгээ

Түрүүн булчирхайн үрэвсэл бүрэн эдгэрнэ. Харин дахих эрсдэл байсаар байна. Үрэвсэл үүсгэхэд нөлөөлсөн анхдагч хүчин зүйлсээсээ хол байж чадахгүй, дэглэм барихгүй, халдвар дахин авах байдалд орох юм бол эргээд л хүндэрнэ.

Төмсөгний үйл ажиллагаа ба төмсөгний өвчин эмгэг

  • Төмсөг нь эр бэлгийн даавар ялгаруулах, үр боловсруулах үүрэгтэй хос эрхтэн. Төмсгийг бага наснаас нь эхлээд үзэж шалгаж байх хэрэгтэй. Төмсөг хуйхнагтаа буугаагүй төрөлхийн гаж хөгжил байдаг. Тиймээс эрэгтэй хүүхэд төрсөн даруйд төмсөг нь хуйхнагтаа байгаа эсэхийг тодруулж, байхгүй бол яаралтай эмчид хандах ёстой. Энэ нь ирээдүйд үргүйдэл болон төмсөгний хавдар үүсэхээс сэргийлж хүүхэд насанд нь засах боломжтой юм.
  • Өсвөр насанд буюу 16-аас дээш насанд төмсөгний судасны өргөсөл өвчин түлхүү тохиолддог. Ялангуяа цэрэг татлагын үзлэгээр маш их оношлогдож байгаа. Мөн хүүхэдтэй болж чадахгүй байгаа эрэгтэйчүүдийг судлаад үзэхэд төмсөгний судасны өргөсөл явагдсан байдаг. Энэ өвчний үед тодорхой заалтуудаар мэс заслын эмчилгээ хийдэг.
  • Дараагийн нэг өвчлөл нь төмсөгний үрэвслүүд. Тоглож байгаад санаатай болон санамсаргүй байдлаар төмсгөө гэмтээх, БЗХӨ-өөс шалтгаалсан үрэвсэл үүсэх юм бол нөхөн үржихүйн үйл ажиллагаа алдагдана. Эмийн эмчилгээ хийдэг бөгөөд үр дүнгүй бол мэс заслаар төмсгийг нь авах хүртэл харамсалтай тохиолдол олон. Тиймээс шинж тэмдэг илэрвэл эмчид хандах, төмсгөө гэмтээхээс аль болох болгоомжлох хэрэгтэй.
  • Төмсөгний үрэвсэл нь цочмог болон архаг байдлаар явагддаг. Архаг байдлаар удаан явсан үед үргүйдэлд хүргэх эрсдэлтэй.

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс

Хосууд хамт амьдраад нэг жилийн хугацаанд жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэл хэрэглэхгүй, бэлгийн үйл ажиллагаа нь тогтвортой байсан ч хүүхэдтэй болж чадахгүй бол үргүйдэл гэж үздэг. Олон улсын судалгаагаар нийт хосын 15 хувьд нь үргүйдэлтэй байна. Найман хосын нэг нь анхны хүүхдээ олох тал дээр асуудал тулгардаг. Хоёрдогч үргүйдэл буюу зургаан хосын нэг нь хоёрдох хүүхдээ олоход үргүйдлийн асуудал тулгардаг байна. Үргүйдэл бол хосын өвчин. Хамтдаа үзүүлж байж шалтгааныг зөв оношилж эмчилнэ.

Эрэгтэй үргүйдлийн хамгийн гол шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчнүүд, төмсөгний гэмтэл, архи тамхи, рентген туяа бусад аюултай ажлын орчин, генетгийн эмгэгүүд юм.

Үргүйдлийг үрийн шингэнд шинжилгээ хийж оношилдог. Ямар хэлбэрийн үргүйдэл илэрснээс хамаарч эмчилгээ нь ч өөр өөр.

Дараагийн нэг асуудал нь эрэгэйчүүдийн шодойн хөвчрөлийн алдагдал

Бэлгийн харьцааны үед шодой хангалттай хэмжээнд хөвчрөхгүй байх, хөвчирсөн байдлаа хангалттай удаан хадгалж чадахгүй байх, бэлгийн дур хүсэл муудах хямралуудыг хэлдэг. Хүмүүс бэлгийн сулрал гэж яриад байдаг. Угтаа бол шодойн хөвчрөлийн алдагдал юм. Энэ талаар хийгдсэн хэд хэдэн томоохон судалгаа бий.

Уг судалгаагаар, 30-аас дээш насанд бэлгийн үйл ажиллагааны хямрал 40-50 хувьтай тохиолддог. Харин монгол эрэгтэйчүүдийн дунд 40-өөс дээш насанд 50 хувьтай тохиолдож байна.

Шодойн хөвчрөлийн алдагдал үүсгэж буй голлох шалтгаан нь таргалалт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин гэх мэт тодорхой хүчин зүйлс.

Тестостерон 30 хүртэл насанд дээшээ өгсөж байгаад 30 наснаас хойш жил тутам тодорхой хувиар багасдаг. Тестостерон цусанд хангалттай хэмжээнд байснаар бэлгийн дур хүсэл, хөвчрөх үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл эрсдэлт хүчин зүйлстэй эрэгтэйчүүдэд тестостероны хэмжээ илүү ихээр буурдаг. Тиймээс 30,40-өөс дээш насны эрчүүд хооллолт болон бусад эрсдэлт хүчин зүйлсдээ анхаарах шаардлагатай. Бэлгийн үйл ажиллагааны хямралыг аль нэг нь бус хосоороо, хамтрагчтайгаа нээлттэйярилцаж эмчид хандаж эмчлүүлэх нь илүү үр дүнтэй. Амьдралын буруу хэв маягаа өөрчлөх, засаж залруулах, булчингийн массаа нэмэх, хэвлийн таргалалтаа багасгаж чадвал энэ асуудлаас урьдчилан сэргийлж чадна.