Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/нь гадаад харилцаагаа хөгжүүлэх, эмч, мэргэжилтнээ сургах чиглэлд анхаарал хандуулан ажилладаг.
Тэгвэл энэ хүрээнд өчигдөр УНТЭ-т Тайваний төлөөлөгчийн газар болон Тайваний цэргийн нэгдсэн эмнэлгийн (Tri-service general hospital) удирдлагууд зочилж, хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө ярилцлаа.
Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга О.Баярмаа, Зүрхний төвийн дарга Л.Анхбаяр, Тайваний Цэргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Фан Вэнг Хуй, ахлах ажилтан Ван Чин Хун болон бусад албаныхан оролцлоо.
Уулзалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “УНТЭ нь гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэн энэ ажил удааширсан бол энэ жилээс дахин сэргэж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр бид Тайваний худалдааны төлөөлөгчийн газраар дамжуулж, “Тайваний цэргийн нэгдсэн эмнэлэг”-тэй хамтран ажиллах үйл ажиллалааг албан ёсоор эхлүүлж байгаадаа баяртай байна. Тус эмнэлэг нь явган, усан, агаарын цэргийн гэх гурван том хүчний байгууллагад үйлчилдэг том эмнэлэг юм.
Бидний зүгээс эхний ээлжинд Зүрх судасны төв, Гастроэнтерологийн чиглэлээр хамтран ажиллахаар хоёр талаасаа зөвшилцсөн. Зүрхний төвд дөрвөн ширхэг хиймэл оюун ухаан дээр суурилж хариуг нь уншдаг, зүрхний цусны шахалтыг тодорхойлж, калийн хэмжээг шууд уншдаг цахилгаан бичлэгийн аппаратыг бэлэглэж байгаад талархаж байна.
Цаашид хамтын ажиллагаагаа эмнэлгийн тусламж, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд өргөжүүлж Зүрх судасны төв дээр зүрхний нээлттэй мэс засал болон, зүрхний судасны өвчлөлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар ярьсан бол Гастроэнтерологийн чиглэлээр бид дурангийн хэсгийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээлээ.
Тайваний Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө
УНТЭ-тэй хамтран ажиллах эхний алхмыг тавьсандаа бид баяртай байна. Бид эхний ээлжинд хиймэл оюун ухааны тусламжтай зүрхний цахилгаан бичлэгийг хийж, оношлох боломжтой аппаратыг нийлүүлсэн. Дараа нь Гастроэнтерологийн төвд дурангийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээ хийх мөн дурангийн мэс заслыг хөгжүүлэх чиглэд ажиллах төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна TSGH гээд эмнэлгийн зохион бүтээсэн төрөл бүрийн хиймэл оюун ухаан дээр суурилсан туслах багаж, төхөөрөмжүүдийг нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна өвчний зүсэлтийн зураг болон нугасны чөмөгний арчдасын хэмжээг тогтоогч туслах төхөөрөмжөөр дамжуулан төрөл бүрийн оношлогоог хийх боломжтой.
Тайваны цэргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Фан Вэнг Хуй
Өнөөдөр УНТЭ-т Тайваны цэргийн нэгдсэн эмнэлэг “QT Medical” эмнэлэгтэй хамтарч зохион бүтээсэн AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар зүрхний цахилгаан бичлэг уншдаг аппаратыг хандивлаж байна. Монгол улс нь цөөхөн хүн амтай мөртлөө маш том газар нутагтай. Хөдөө орон нутгийн иргэд заавал хот бараадан зарим төрлийн эмнэлгийн үйлчилгээг авдаг. Тэгвэл бидний өнөөдөр хандивлаж байгаа энэхүү тоног төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний бичлэгийг интернетээр дамжуулан 10 секунтын дотор унших боломжтой юм.
Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд интернетийн тусламжтайгаар зүрхний цахилгаан бичлэгийг лавлагаа шатлалын эмнэлэгрүү илгээж, яаралтай арга хэмжээ авах, амь насыг аврах бүрэн боломж нээгдэж байна.
Энэхүү төхөөрөмж маань авч явахад авсаархан, ажиллагаа энгийн ойлгомжтой тул ямар ч эмч ажиллуулах боломжтой. Ирээдүйд Тайваний цэргийн нэгдсэн эмнэлэг нь илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах болно.