Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Б.Намуун: Иргэд элэгний B вирусийн вакцинд ковидын вакцинтай адил итгэхээ байчихсан

Б.Намуун: Иргэд элэгний B вирусийн вакцинд ковидын вакцинтай адил итгэхээ байчихсан

Иргэдийн дунд түгээмэл байх элэгний B, C вирусийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Халдварын сэргийлэлт, хяналтын албаны дарга, докторант Б.Намуунтай ярилцлаа.

-Иргэд элэгний B, C вирусийн халдварлах замыг нь сайн мэдэхгүйгээс үүдэн халдвар авах тохиолдол их байна шүү дээ. Ямар замаар вирус их дамждаг юм бэ?

-Элгийг өвчлүүлдэг таван төрлийн вирус байдаг. Эдгээрээс иргэдийн хамгийн сайн мэддэг нь B,C вирус. Хүмүүс B,C вирусийн халдвар л дамжиж элэгний хавдарт хүргэдэг гэж ойлгоод байгаа юм. Элэгний үйл ажиллагааг алдагдуулж, өвчлөлд хүргэдэг B,C вирустэй ижилхэн гурван вирус бий. А,B,C,D,E гэсэн таван вирус элэгний хавдар үүсгэж, өвчлөлийг бий болгодог. А вирус нь иргэдийн сайн мэддэг буюу бохирын шар гэж нэрлэдэг вирус. Гар, хоол боловсруулах, ахуйн замаар дамждаг. Мөн элэгний хавдарт хүргэх чадамж нь арай бага, эдгэрдэг өвчин. Хүндрэл нь 20 хувьтай гэж үздэг. Дараагийнх нь B вирус. B вирус нь цус, цусан бүтээгдэхүүн, шивээс, эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн зүү төөнүүр, аюултай бэлгийн харьцаа гэх зэргээр халдварладаг. Цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн зүү төөнүүр гэдэгт нь шивээс орно. B вирустэй хүнд хийсэн зүүгээр өөр хүнд шивээс хийвэл дамжих нь тодорхой. Мөн иргэдийн сайн мэдэх хөмсөгний шивээснээс ч дамжиж болно. Энэ вирусийн хамгийн их дамждаг зам нь бэлгийн зам байдаг. B-тэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ороход хамгийн их дамжина. С вирусийн хувьд цус цусан бүтээгдэхүүнээр дамжина. Ер нь B,C вирус цус, цусан бүтээгдэхүүнээр дамждаг учраас эрүүл ахуйн дэглэм зөрчигддөг шүдний эмнэлэг, жижиг эмнэлэгүүдэд ажилбар хийлгэхэд дамжах эрсдэлтэй. Харин D вирус нь тодорхой шалтгааны улмаас дамждаг гэдэг боловч B,C вирусийг бодоход дамжих зам нь арай бага. D вирустэй эхээс урагт дамжина. Мөн бэлгийн замаар авч болох ч энэ нь бага. Е вирус нь А вирусийн адилаар ахуйн замаар халдварлах чадвар өндөртэй. Гэхдээ Монголд А,B,C,D вирусийг бодвол E вирусийн тархах чадамж бага байгаа.

-Ер нь энэ таван вирус нь Монголд л их байна уу, эсвэл бусад улсад ч их байдаг юм уу?

-Тухайн таван вирус нь дэлхий нийтэд их болохоор Монгол Улсад их байна гэсэн үг. Өндөр хөгжилтэй улсаас илүүтэй буурай хөгжилтэй улсад давамгай байх хандлагатай байдаг. Шалтгаан нь шивээсний хэрэглээ, бэлгийн замын халдвар, цус цусан бүтээгдэхүүн зэрэг олон зүйлээс үүдэлтэй. Тухайлбал, дэлхий дээр хоёр тэрбум гаруй хүн гепатит вирустэй. Энэ таван вирусээр өвчилсөн байна гэсэн үг. Үүнээс 240 сая хүн нь архаг халдварт шилжиж хүндэрсэн. Жил бүр 650 сая хүн эдгээр таван вирусээр нас бардаг. Ганцхан B,C вирус биш А,B,C,D,E вирусийн халдвараар. Е вирусийн халдвар өндөр хөгжсөн улсуудад их байдаг.

-Монголд сүүлийн жилүүдэд огцом нэмэгдлээ гэх болсон. Энэ нь 1960, 1970-аад онд шилэн тариур дамжуулж хэрэглэснээс болж олон хүн халдвар авсны үр дүн нь одоо илэрч байна гэх. Та хэр үнэний ортой гэж үзэх вэ?

-Ингэж ярих нь өрөөсгөл. Жишээлбэл, эрүүл мэндийн байгууллагынхан хамгийн их халдварт өртдөг. Хурц ирмэгтэй зүү, багажид өртдөгтэй холбоотой. B вирустэй хүнд хагалгаа хийж байна гэж бодъё. Хагалгааны явцад зүүндээ хатгагдчихлаа. Энэ үед эрүүл ахуйн дэглэмийг баримталж, хүйтэн усанд угааж, бүртгүүлэх үйл явц болдог юм. Хатгагдсанаас хойш зургаан сарын дараа B вирус байгаа эсэхийг үздэг. А,B,C,D,Е вирусийн антиген нь 3-6 сарын дараа хүний биед ордог гэсэн үг. Шивээс хийлгэхдээ тухайн хүн B вирусгүй байлаа гэхэд эргэлзэж байвал зургаан сарын дараа шинжилгээ өгч болно гэсэн үг. Тэгэхээр шилэн тариур гэдэг чинь 1992 оноос өмнөх юмыг ярьж байна шүү дээ. Түүний B вирус нь одоо идэвхжиж байна гэсэн зүйл огт байхгүй. Энэ 3-6 сарын дотор л хийгдэх үйл ажиллагаа. Нарийн шинжилгээгээр гурван сарын дотор халдвар авсныг баталж болно. Анх 1992 онд B вирусийн эсрэг вакциныг Монголд хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдийн дунд халдвар бүхлээс 0.5 болж буурсан тоо баримт бий. B вирусийн вакцин 1992 оноос хойш эхэлсэн ч сүүлийн үед хүмүүс вакцинд итгэхээ больчихсон. Вакцин хийлгэхгүй ээ, хийлгэхээр янз бүрийн урвал өгөөд байна гэдэг. Уг нь бүх хүүхдийг төрөхөд нь дөрвөн тунгаар вакцинжуулдаг. Ингэснээр 15 жилийн дархлаа тогтдог. Энэ хугацаанд тухайн хүүхэд вирусээр өвчлөхгүй байх боломжтой. Том хүнийг B вирусгүй бол гурван тунгаар вакцинжуулаад 15 жил хамгаалж болно. Гэтэл коронавирусийн вакцинтай адил энэ вакцинд итгэхээ байчихсан. 1992 оноос хойших дата судалгааг 2015 оноос хойших дата судалгаатай харьцуулахад B вирусийн вакцин хийлгэдэг хүн багассан. Тэгэхээр тухайн вакцинд итгэх итгэл багасаад байна уу, эсвэл хар ярианаас болоод байна уу. Бид чинь хар яриа, ам дамжсан яриагаар шийдэх гээд байдаг шүү дээ. Вакцин бол маш сайн. В вирус аваад хамгийн муугаар бодоход насан туршдаа эдгэхгүй, элэгний хавдраар нас барна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эдгээрээс сэргийлэх боломж бий. Аюулгүй цус цусан бүтээгдэхүүн, шивээсийг хийлгэ, нэг удаагийн зүү тариур хэрэглэ, эхээс урагт дамждаг учраас аюулгүй төрөлтийг хийлгэ. Төрөлтийн явцад халдвар авах эрсдэл их байна. Хамгийн их дамждаг буюу аюулгүй бэлгийн харилцаанд орох хэрэгтэй. Ялангуяа, эмэгтэй хүний үтрээний шингэнээр B,C вирус хамгийн их дамждаг.

-B,C вирусийг идэвхтэй, идэвхгүй гээд байдаг шүү дээ. Идэвхгүй үед нь вакцин хийгээд идэвхжүүлэх тохиолдол бий юу?

-Идэвхтэй идэвхгүй гэдэг нь тухайн хүн B вирустэй болсон л бол вирусээр өвчилсөн гэсэн үг. Харин үүний идэвхжилийг нь хэр түвшинд явж байгаа гэдгийг шинжилгээгээр тогтоодог. Идэвхжилтэй байвал бууруулах эмчилгээг хийж, тодорхой нэг түвшинд барьдаг. Ингэхдээ хоолны дэглэм барьж, хязгаарлаж, халдвар хамгааллын дэглэм бүгдийг нь мөрдөж байж тухайн түвшинд барина. Тэрнээс идэвхгүй байлаа гээд устаж алга болно гэсэн үг биш. Халдвар хамгаалал, эрүүл ахуйн дэглэм зөрчөөд дэглэмгүй хоол хүнс бусад зүйлээ хэрэглээд эхэлбэл буцаад элгээ гэмтээж эхэлнэ. Вакцины хувьд ямар ч B вирусгүй хүнд хийнэ. Хэрэв гурван тунгаа бүрэн хийлгэвэл 15 жилийн хугацаанд хамгаалагдана. Харин вакцин хийлгээд дархлаа тогтохгүй байх тохиолдол бий. Шалтгаан нь хүмүүс гурван тун вакцинийг нэг удаа хийлгээд хаячихдаг. Ингэхээр тухайн хүнд дархлаа тогтохгүй. Вакцин хийлгэсэн л бол дархлааг тодорхойлох титрийн шинжилгээ хийлгэх ёстой. Титрийн шинжилгээгээ нь 100-аас доош байвал халдвар авах бүрэн боломжтой. Тиймээс дахин хоёр тунгаар дархлаажуулдаг. Тэгэхээр вакцин хийлгэсэн бол титрээ тодорхойлуулна. Хийлгэж байгаагүй бол B вирусээ тодорхойлуулах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.