Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм. Тус хөдөлгөөний бодлого, чиглэлийг танилцуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгууллаа.
Тус уулзалтад Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, АУ-ны доктор О.Чимэдсүрэн болон бусад албаны хүмүүс оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэх, эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор Тэрбум мод, Хүнсний хувьсгал, Эрүүл Монгол хүн хэмээх гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнйг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах , архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, хүнсний аюулгүй байдал буюу эрүүл хоол хүнсний хэрэглээг бий болгох Монгол хүнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг чиглэл бүрээр хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Эрүүл мэнд болон боловсролын бүх шатны байгууллагуудаар дамжуулан эрүүл иргэнийг бий болгох талаар танилцуулан, эмч эмнэлгийн мэргэжилтний санал хүсэлтийг сонсож, уг хөдөлгөөнд хамтран ажиллах талаар хэлэлцлээ.