Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Э.Ганболор: “БАЯРЛАЛАА СУВИЛАГЧАА” гэх ганцхан үгнээс урам зориг, эрч хүчийг авдаг

Э.Ганболор: “БАЯРЛАЛАА СУВИЛАГЧАА” гэх ганцхан үгнээс урам зориг, эрч хүчийг авдаг

Өнөөдөр “Олон улсын сувилагчдын баярын өдөр” тохиож байна. Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс энэ оныг “Бидний сувилагч, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд бид энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Бөөрний төвийн ахлах сувилагч Э.Ганболортой ярилцлаа.

-Анх сувилагчийн мэргэжлийг хэрхэн сонгож байв. Энэ талаарх дурсамжаар ярилцлагаа эхлүүлье.

Би сургуулиа төгсөөд шууд УНТЭ-т 2014 онд Бөөрний төвд сувилагчаар ажилд орж байсан. 2018 оноос тус төвийнхөө ахлах сувилагчаар өнөөдрийг хүртэл буюу яг энэ тасагтаа тасралтгүй 10 дахь жилдээ ажиллаж байна.

Би ЕБС-иа төгсөөд хуульч болно гэж бодож, шалгалтаа хүртэл энэ дагуу бэлдээд хуулийн сургуульд орох болзлоо хангачихсан байсан. Гэтэл манай авга эгч ирээд “Манайд эмнэлгийн мэргэжилтэй хүн нэг ч байхгүй, чи л эмнэлгийн мэргэжилтэй хүн бол” гээд шууд намайг ятгасан. Тухайн үед би химийн хичээлээр бэлтгэл хийгээгүй байсан ч шалгалтаа өгөөд улсын сургуулийн эмчийн ангид оноо маань хүрсэнгүй. Хувийн сургуулийн эмчийн ангийг сонгодог юм билүү гэсэн бодолтой явж байтал эгч маань улсын сургуульд л сурсан нь дээр гэж хэлээд, тэгээд л би сувилагч мэргэжлээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд орж, төгсөж байсан. Сургуулиа төгсөөд хувийн эмнэлэгт ажиллана даа гэсэн бодолтой явж байтал авга эгч “УНТЭ-т сувилагч ажилд авна гэж байна, хоёулаа очиж уулзаад ирье” гээд намайг дагуулж ирсэн.

Тэр үедээ хүний нөөцийн даргатай уулзаад л миний хувийн эмнэлэгт ажиллана гэсэн бодол шууд өөрчлөгдөөд би энэ эмнэлэгт л ажилд орсон.

Энэ эмнэлэгт ажиллах шийдвэр гаргасандаа өнөөдрийг хүртэл би маш их баяртай байдаг. Улсын ууган эмнэлэгт ажиллаж байгаа минь миний хамгийн том бахархал. Анх ээлжийн сувилагчаар ажилд ороход ачаалал ихтэй санагдаж байсан ч би эндээс маш их зүйлийг сурч өөрийн болгож байгаа шүү дээ гэж бодохоор ачаалал хэцүү санагдаагүй.

-УНТЭ-ийн сувилагч байхын хамгийн том давуу тал.

Анхдагч, манлайлагч эмнэлгийн сувилагч гэж бодох төдийд өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг. Үүнээс гадна манай эмнэлгээс сувилагч бидний сурч, боловсрох, мэргэжлээ дээшлүүлэх тал дээр маш их анхаарч ажилладаг. УНТЭ-ийн сувилагч нар нь шинэхэн сувилагч нартаа нарийн мэргэжил олгох сургагч багш болдог. Өөрөөр хэлбэл манай эмнэлэг нь сургалтын бааз эмнэлэг учраас суралцах боломж ихтэй.

Манай тасагт бөөрний эмзэг замын эмчилгээ, бөөрний архаг дутагдалтай хүмүүс хэвтэн эмчлүүлж, гемодиализын эмчилгээнд хамрагддаг. Тийм учраас энэ эмчилгээг хийхийн тулд заавал гемодиализын дээшлүүлэх курст заавал хамрагдсан байх ёстой. Үүнээс гадна кредитийн сургалтыг сургалтын албанаас зохион байгуулж, сувилагч нар эмнэлэг дээрээ сургалтаа аваад кредитаа цуглуулчихдаг.

-Танай эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийт хичнээн сувилагч ажиллаж байна вэ?

Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт сувилагч, тусгай мэргэжилтэй нийт 400 гаруй ажилтан ажиллаж байна. Тэр дундаа манай тасагт нийт 11 сувилагч ажиллаж байгаагийн хоёр нь тэргүүлэх зэрэгтэй, ахлах зэрэгтэй нэг сувилагч, бакалаврын зэрэгтэй найман сувилагч ажиллаж байна. Өнөөдөр дэлхий дахинд сувилагч нарын орон тооны хомсдолд орсон. Манай эмнэлэгт ч гэсэн энэ нь асуудал болоод байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сувилагч нар маань байнгын тулаа хийж ажиллаж байна.

-Залуу сувилагч нарыг сургах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Манай эмнэлэг нь гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд үзүүлдэг учраас эмч, сувилагч нар маань бүгд маш чадварлаг байх ёстой. Энэ үүднээс Сувилахуйн албанаас “Шинэ сувилагч” хөтөлбөрийг 2014 оноос хойш зохион байгуулж байна.

Энэ хөтөлбөрөөр дамжуулан шинээр ажилд орж байгаа сувилагч нараа хөгжүүлж, сувилахуйн мэргэжлээ өөрийн болгох боломжийг нь бүрдүүлдэг. Жилдээ манай эмнэлэг 5-6 удаа шинэ сувилагч нарыг ажилд авдаг бөгөөд сургагч багш, арга зүйч нар нарийн мэргэжлийн хичээлийг шинээр ажилд орж буй сувилагч нартаа дахин эхнээс нь заадаг. Мөн Сувилахуйн албаны арга зүйч болон АШУҮИС-иас багш урьж, бүх сувилагч нартаа зориулан хэрэгцээтэй сургалтын судалгааг авч, долоо хоног бүрийн мягмар гарагт сургалтыг зохион байгуулдаг.

Үүнээс гадна манай эмнэлэгтэй гэрээ байгуулсан анагаахын их сургуулиудын төгсөх курсын оюутнууд болон дөнгөж төгсөөд ажилд орж байгаа сувилагч нараа сувилагч бид өөрсдөө дадлагажуулж ажилладаг.

-УНТЭ-ийн Сувилахуйн алба үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохионо. Үүнээс гадна маргааш “Олон улсын сувилагчдын баярын өдөр” тохиож байна. Тэгвэл танай эмнэлгээс энэ хүрээнд ямар ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

2023 онд Сувилахуйн алба үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Тийм учраас бид ойгоо угтан сар болгон тодорхой зорилт тавин аян зохион байгуулж байна.

Нэгдүгээр сард бид “Тарилгын аюулгүй байдал”, хоёрдугаар сард “Сувилгааны түүхийн сар, гуравдугаар сард “Унаж бэртэхээс сэргийлье”, тавдугаар сард олон улсын сувилагчдын баяр тохиодог учраас “Сувилагчийг дэмжих сар” болгон олон ажлыг зохион байгуулж байна. Сувилагчийг дэмжих сарын хүрээнд сувилагчийн хөдөлмөрийг үнэлэх, хүндлэх, хамгаалах, үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулсан.

Энэ ташрамд бидний аяныг дэмжиж ажиллаж байгаа бүх тасаг нэгжийн эмч, эрхлэгч, дарга, эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлье.

-Танай эмнэлгийн дотрын сувилагч нарт нөхцлийн 10 хувийн нэмэгдэл олгох боломж бүрдэж, энэ оноос өгч эхэлсэн байсан. Энэ талаар.

Өмнө нь дотрын тасгийн сувилагч нар нөхцлийн нэмэгдэл гэж авдаггүй байсан. Харин Сувилахуйн албанаас санаачилга гаргаж, дотрын сувилагч нар ганцхан чиглэлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхгүй, давхар олон төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа учраас нөхцлийн нэмэгдэл шаардлагатай байгааг уламжилсан. Ингээд бид энэ оны 01 дүгээр сараас эхлэн нөхцлийн нэмэгдлийг авч эхэлсэн.

Дотрын сувилагч нар зөвхөн тариа хийгээд л явдаг гэж зарим хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл манай сувилагч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараах тусламж үйлчилгээг үзүүлэх, боолт хийх гэх мэт бүхий л үйлчилгээг үзүүлж ажилладаг.

-Таны сувилагч мэргэжлээрээ хамгийн их бахархдаг мөч. Таны ажилдаа баримталдаг зарчим.

Сувилагч нар эмчгүй бол ямар ч өвчтөнд тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл өвчтөнийг эмчлээд гаргах нь багийн ажиллагаа байдаг. Өвчтөн ч энэ багт орж байгаа.

Тэгэхээр бид багаараа хамтран ажиллаж, яаралтай тусламж, үйлчилгээгээ цаг тухайд нь үзүүлээд үйлчлүүлэгчээ эмчлээд гаргах үед бидэнд хандаж “баярлалаа” гэдэг ганцхан үгийг хэлэх нь л хамгийн сайхан байдаг.

Манай тасагт бөөрний төгсгөлийн шатанд орсон өвчтөнүүд ирж, гемодиализын эмчилгээ, үйлчилгээ авдаг. Эдгээр өвчтөнгүүд маань бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ороод дахиж гемодиализын эмчилгээнд орохгүй болохыг харах л хамгийн сайхан байдаг. Үүнээс гадна саяхан дэлхий нийтийн хамарсан цар тахалтай бид нүүр туллаа. Энэ үед эмч нарын багтай мөр зэрэгцэн сувилагч, тусгай мэргэжилтнүүд цаг наргүй зүтгэлээ шүү дээ. Хүн болгон гэрээсээ ч гарахгүй айсан тэр цаг мөчид эмнэлгийн мэргэжилтнүүд коронавирусийн халдвар авсан нэг ч гэсэн өвчтөнийг эмчилье, аваръя гэсэн сэтгэлээр ажилласан. Энгийн иргэдтэй адилхан бид ч гэсэн маш их айж байсан. Тэгэхдээ ямар ч үед бид ажлаа л хийх ёстой шүү дээ. Ингэж ажилласны хүчинд өнөөдөр дэлхий нийтээрээ энэ өвчний ард гараад байна.

Миний хувьд сувилахуйн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, ямар ч хүнийг ялгалгүй харьцах, хурдан шуурхай, үйлчлүүлэгчийн сэтгэл зүйг ойлгож, чин сэтгэлээсээ тусламж үзүүлэхийг хичээж ажилладаг. Үүнээс гадна би тасгийнхаа ахлах сувилагчийг хийж байгаа учраас хариуцлагатай байх нь миний ажилдаа баримталдаг зарчим юм.

-Танай эмнэлэг цахим системд шилжээд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Энэ нь сувилагч та бүхний ажлыг хэрхэн хөнгөвчилсөн бэ?

Сувилахуйн түүх цахим болсноор давуу талууд маш их бий болсон. Бичиг баримтыг өмнө нь бид гараараа нэг бүрчлэн бичиж, хадгалдаг байсан бол одоо гараар бичих зүйл бараг үгүй болсон. Үүнээс гадна үйлчлүүлэгчийн бүхий л мэдээлэл хадгалагдаж үлдэж байгаа нь хамгийн том давуу тал. Тухайн үйлчлүүлэгч өмнө нь манай эмнэлэгт хэвтэж байсан бол тэр хүний өмнөх түүх, эмчилгээг харах боломжтой болсон. Өөр сувилагч миний бичсэн түүхийг засварлах боломжгүй.

-Ярилцсанд баярлалаа.