Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
СУРВАЛЖИЛГА: ЖИЛДЭЭ 12 МЯНГАН ИРГЭН ҮЗҮҮЛЖ, 1800 ӨВЧТӨН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛДЭГ ЦУСНЫ ТӨВ ДОЛООН ЭМЧТЭЙ

СУРВАЛЖИЛГА: ЖИЛДЭЭ 12 МЯНГАН ИРГЭН ҮЗҮҮЛЖ, 1800 ӨВЧТӨН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛДЭГ ЦУСНЫ ТӨВ ДОЛООН ЭМЧТЭЙ

  • Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн амбулториор 12 мянган иргэн хүлээн авч, хэвтэн эмчлүүлэх тасгаар 1700-1800 өвчтөн үйлчлүүлдэг.
  • Нийт өвчтөний 85-90 хувьд нь бусны хорт хавдар оношлогдох бөгөөд тус төв ердөө долоон эмчтэй.
  • Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төв найман жилийн хугацаанд 32 өвчтөнд өөрөөс нь, нэг өвчтөнд донороос чөмөг шилжүүлэн суулгасан.
  • ЦЭСЧШСТ өнөөдөр цусны хавдрын 20 гаруй эсийн хэлбэрийг ялган оношлож, бай эмчилгээгээр молекулын түвшинд хавдрыг засч байна.

Улсын клиникийн төв эмнэлэг, зүүн байрны таван давхрын хойд жигүүрт байрлах Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийг зорин очлоо.

Хими эмчилгээний есөн ортой ариун хэсгийг 2022 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Энд маш хүчтэй, олон төрлийн эмээр хими эмчилгээ хийгдэж байгаа, болон цусны үндсэн үйлдвэр болох ясны чөмөгний үйл ажиллагаа хэт их дарангуйлагдсан хүнд өвчтөнүүд хэвтдэг байна.

Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах энэ төв нь улсын хэмжээнд насанд хүрэгчдэд цусны бүх эмгэг, цусны хавдрын оношилгоо эмчилгээний лавлагаа төвийн тусламж үйлчилгээ үзүүлсээр ирсэн цор ганц газар. Ингээд бодохоор хэвтэн эмчлүүлэх тасгийн хүчин чадал дутмаг санагдана.

Энэ талаар тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч С.Мядагсүрэн “Улсын хэмжээнд гэхэд манай төв маш цөөн орон дээр эмчилгээ үйлчилгээгээ аль болох чирэгдэлгүй үзүүлэх гэж хичээн ажиллаж байна. Жилд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 85-90 хувь нь цусны хавдартай өвчтөнүүд байдаг. Үлдсэн цөөн хувьд нь цус багадалт, цус гоожимтгой зэрэг эмгэгүүд орно. Цусны хавдрын хими эмчилгээ тусгай орчин нөхцөл, хяналт шаарддаг учраас хүнд өвчтөнүүдээ цөөн орон дээрээ аваад хэвтүүлэн эмчилж байна.

Цусны архаг хавдар, бусад цусны эмгэгүүдийн эмчилгээг амбулаториор, өдрийн эмчилгээгээр мөн бусад шатлалын эмнэлгүүдтэй хамтраад эмчилгээ хяналт хийгээд явдаг” гэлээ. Биднийг ерөнхий мэдээлэл авах зуур сувилагч, эмч хоёр сурвалжилга хийхээр ирснийг өвчтөнүүдэд танилцуулж, өөрсдөд нь садаа болохгүйг хэлж, “зохицуулж” өглөө. Тэд улсын хэмжээний эрүүл мэндийн энэ нэгэн томоохон салбарын ажил, асуудлыг хэдүүлхнээ нуруундаа үүрч яваа ч атгасан гар шиг нягт баг болж, түүртэхгүйгээр бүхнээ амжуулахад суралцжээ.

Ахлах сувилагч С.Цэрэнхүү “Манай салбар бусдаас маш онцлогтой. Бид өвчтөн бүртэйгээ гэр бүл шиг нь дотно, хайрлаж, халамжилж, бөөцийлөн ажиллаж байж үр дүн гардаг” гэв. Харах байдлаас л энэ бүхэн илт. Тэдний хэн нь ч манай багийг ажилласан хэсэг хугацаанд нэг ч өвчтөнөө камерт өртүүлсэнгүй. Сэтгэл санааг нь дэмжин, гарыг нь атгаж, хоол цайг нь дөхүүлэн бөөцийлэх аж.

-Нийт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 85-90 хувь цусны хорт хавдар оноштой-

Монгол улсад 1950-иад оноос цусны эмгэгийг анх оношилж эхэлсэн. Ингэхдээ бие даасан байдлаар бус бусад зүрх, дотоод шүүрэл, уушги гэх мэт бусад салбаруудтай нэгдэн нэг тасаг болон үйл ажиллагаа явуулж байв. Хамгийн сүүлд л гэхэд цус, дотоод шүүрлийн эмгэгтэй өвчтөнүүд Цус, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт харьяалагдаж байгаад 2009 оны аравдугаар сараас Ардын эмч, зөвлөх Н.Оюундэлгэр эмчийн санаачилгаар бие даасан тасаг болжээ. Зөвлөх эмч салбарын хөгжлийг нь түргэсгэхийн тулд тасгууд тусдаа байсан нь оновчтой гэж үзсэн бөгөөд тэр цагаас хойш Цусны эмгэг судлалын клиник нэртэйгээр явж байгаад 2014 оноос Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв болон өргөжсөн нь энэ. Тус төв хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулторийн кабинет, өдрийн эмчилгээ, үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг зэргээс бүрдэнэ. Дээрээс нь бусад бүх шатлалын эмнэлэгт дуудлагаар лавлагаа, тусламж, зөвлөгөө өгнө. Эмнэлэг дотроо бусад тасгууд, хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний хэсэгт дуудлагаар үйлчилж, орчин үеийн шинэ технологоор цусны сийвэн солих эмчилгээг улсын хэмжээнд үзүүлнэ. Биднийг очих үед бөөр шилжүүлэн суулгах гэж буй охинд сийвэн солих эмчилгээ хийж байв. Тухайн өвчтөний донор нь өөр бүлгийн цустай учир ажилбарын дараах үл нийцлийг бууруулах зорилгоор хийж байгаа гэв.

Маш товчхоноор ойлгуулахад Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харьяанд улсын хэмжээнд цусны эмгэг судлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага, цусны өвчинд нэрвэгдсэн насанд хүрэгчдийн дотооддоо хандаж болох цор ганц авралын гарц эднийх. Хамгийн харамсалтай нь энэ томоохон бас амин чухал салбарын бүх ачааг нэг зөвлөх эмч, тасгийн эрхлэгч, таван эмч гээд долуулаа л үүрч яваа. Ойрын саруудад хоёр эмч нь урт, богино хугацааны сургалтад суухаар гадаад руу явсан учраас таван эмч л энэ бүхнээ амжуулж байна. Жилдээ амбулаториор 12 мянган иргэн үйлчлүүлж, 1700-1800 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдний 85-90 хувь нь цусны хорт хавдар оноштойгоор эмчилгээ үйлчилгээ авч байна.

-А.Нансалмаа: Монголд насанд хүрэгчдийн цусны өвчний эмчилгээ, оношилгооны 80-90 хувийн асуудлыг манай тасаг дангаараа шийдэж байна-

Цусны эмгэг судлалын чөмөг шилжүүлэн суулгах төвийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Нансалмаатай ярилцлаа.

-Амин чухал энэ том салбарт арай л цөөхүүлээ ажиллаж байна уу даа?
-Манайд дор хаяж 10-аас дээш эмч хэрэгтэй байгаа юм. Цусны салбарт оношилгоо эмчилгээний шинэ технологуудыг нэвтрүүлж , үүдэл эс шилжүүлэн суулгаж, цусны хавдруудын үеийн орчин үеийн бай эмчилгээний олон тактикуудыг эмчилгээний практикт нэвтрүүлэн ажиллахад илүү олон мэргэшсэн эмч нар болон чадварлаг дадлагажсан сувилахуйн баг шаардлагатай. Бид жил жилээр оношилгоо, эмчилгээгээ нэг ч болов шатаар ахиулж дэлхийн оношилгоо эмчилгээний түвшинд хүргэж ажиллахыг байнга зорьж яваа. 2000-2010 онуудад цусны эмгэгүүдийн морфологи оношилгоог сайжруулахаар лабораторийн мэргэжилтэн нартайгаа хамтран ажиллаж, химийн эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, эмийн чанарт анхаарч, эмчилгээний үр дүнг сайжруулахыг, 2010-2020 онуудад цусны хавдруудын молекулын зарим оношилгоог хийлгэж молекулын гажигт чиглэгдсэн бай эмчилгээнүүдийг практикт нэвтрүүлж, үүдэл эсийг ялган авах, боловсруулах, хадгалах , өвчтөнд өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах шинэ технологуудыг нэвтрүүлэх, 2020 оноос хойш хавдрын эмчилгээний сонголтуудыг илүү өргөн хүрээтэй болгох, молекулын гажгийн эсрэг бай эмчилгээний 2, 3-р эгнээний өндөр өртөг бүхий орчин үеийн эмчилгээнүүдийг эмчилгээнд оруулах, донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах маш нарийн технологуудийг эмчилгээнд нэвтрүүлэхээр анхны алхамуудаа хийж байна.
Бай эмчилгээний эхний тактикууд эмчилгээнд нэвтрээд арав гаруй жил болжээ. Аливаа шинэ оношилгоо эмчилгээний технологийг нэвтрүүлж, нутагшуулж, тасралтгүй хөгжүүлэхэд маш их хугацаа зарцуулах төдийгүй, шинэ технологи, эмчилгээний аргыг нэвтрүүлж ажиллах нь бусад маш олон салбаруудыг ч дагаж хөгжүүлэх, өөрчлөх сайжруулахыг шаарддаг.

Жишээ нь: Үүдэл эс шилжүүлэн суулгах технологийг цусны эмгэгүүдийн эмчилгээний практикт нэвтрүүлснээр үүнийг дагаад лабораторийн оношилгооны олон хэсэгт шинэ технологи нэвтрүүлэх, эмчлэгч эмч нар, лабораторийн мэргэжилтэнүүд, эмзүйн салбарыхан, хоол зүйчид, халдвар судлаач, сувилахуйн мэргэжилтэн гээд л олон салбарын боловсон хүчнүүдийг илүү чадавхжуулах, тэднийг тасралтгүй суралцуулах, дадлагажуулах, ажилд нь тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэгдсэн бодлого шийдвэр ажлууд зайлшгүй шаардлагатай байна.

Мэдээж энэ болгонд эрүүл мэндийн салбарын алсын хараатай зөв урт хугацааны бодлого, хууль эрхзүй, санхүүгийн чадамж, мэргэжилтэний оновчтой сонголт, тэдний ажиллах нөхцөл , зөв үнэлгээ урамшуулал, ажлын зөв хувиарлалт , хөгжих бас тухайн салбарыг сонгох хөшүүрэг хэрэгтэй байнаа. Одоогоор бэлтгэгдсэн байгаа хуруу дарам цөөхөн эмч сувилагч, лаборант нарт маань ажилдаа тууштай байх, тасралтгүй суралцах, хөгжих, ажилдаа сэтгэл ханамжтай байхад , зөв үнэлгээгээ авахад таны харж байгаа энэ их ачаалал тэр боломжийг олгохгүй байгаа юм.
-Танай ачааллыг хуваалцаж шийдэлцэх байгууллага бий юу?
-ЭХЭМҮТ-ийн цусны тасаг 0-18 насны хүүхдэд энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Насанд хүрэгчдийн цөөн хувьд нь сүүлийн жилүүдэд АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монгол эмнэлгийн цусны тэнхимийн цөөн багш нар цусны оношилгоо эмчилгээний тусламжийг үзүүлж эхэлсэн байгаа.
Тэгээд л Монголд цусны өвчнөөр өвдсөн хүмүүсийн оношилгоо эмчилгээний 80-90 хувийн асуудлыг манай төв дангаараа шийдэж байгаа юм. Гэхдээ долоон л эмч. Нэг эмч өглөө 8. 30 -аас эхлээд өдөрт 30 минут ширээн дээрээ цайгаа уугаад тасралтгүй ажиллахад л ажил 18-19 цагт дуусдаг. Оношилгооны ажилбар ихтэй, цусны эмгэгүүд бүх эрхтнийг хамарсан өөрчлөлт их гардаг, шингэн тогтолцооны эмгэг учраас дотрын бусад өвчтөнүүдээс илүү их тайлбар шаардлагатай, энэ салбарын үйлчлүүлэгчтэй ажиллах нь өөр л дөө. Цусны салбарт хандан үзүүлж байгаа хүмүүсийн 60-70 хувь нь цусны ямар нэг хавдрын улмаас тусламж үйлчилгээ авч байна. Ийм өвчтөнг 5-10 минут үзээд л хавдар байна, хими эмчилгээнд ороорой гээд л гаргах ямар ч боломжгүй байдаг. Дор хаяж 30 минут заримдаа хэдэн цагаар ч ярилцаж, ойлголцож, эмчилгээнд оруулах, итгэл найдвар төрүүлэх, ямар боломжууд байгааг ойлгуулах гээд цусны эмчид маш их цаг хугацаа шаардсан ажил байдаг. Гэтэл бид амбулаторид өдөр бүр оношилгооны бүх ажилбараа хийгээд, багадаа 60 хүнийг үзэж байна. Энэ бол хэд дахин давсан их ачаалал шүү.

-Шинэ боловсон хүчнийг татахад таны бодлоор юу хиймээр байна ?
-Боловсон хүчнийг татах тодорхой хөшүүргүүд хэрэгтэй байгаа юм. Цусны цөөхөн эмч нарын цалингийн шатлалыг дотрын биш хавдрын салбарын эмч нарын шатлалд оруулж өгмөөр байна. Их хэмжээний мөнгө биш ч гэсэн жаахан ч гэсэн хөшүүрэг болно. Анагаахын салбарын суралцагч нарыг татах, цусны салбарыг сонгоход чиглэгдсэн танилцуулга, практик сургалтыг явуулах, бодлогоор энэ салбарыг сонгож буй шинэ мэргэжилтнүүдэд богино хугацааны гадаад сургалтад гэрээгээр явуулах гэх мэт урамшуулал олгох зэрэг ажлуудыг эрүүл мэндийн яамны цусны салбар зөвлөл, цусны эмч нарын нийгэмлэг зэргээс санал санаачлага гаргаж эрүүл мэндийн яамны бодлогын түвшинд арга хэмжээ авахгүй бол одоогоор хэдхэн хүнтэй болоод байгаа юм шиг харагдав ч урт хугацааны ирээдүй бол эрсдэлтэй байна.

Цусны бүлэгнэлтийн эмгэгүүд , хавдрын тохиолдлууд жилээс жилд өсөөд л байна. Хэрэгцээ шаардлага ийм өндөр байгаа салбарт шаардлагыг хангах хэмжээний боловсон хүчнийг одооноос төлөвлөгөөтэй, бодлоготой, хөшүүрэгтэй, зөв үнэлгээтэй бэлтгэхгүй бол энэ салбарын ирээдүй бүдгэрч мэдэхээр байна.
-Тохиолдол нь өссөөр л байгаа гэлээ. Оношилгоо, эмчилгээний тухайд…?
-Цусны хавдар үндсэн болон туслах үйлдвэрийн гаралтай гэж хуваагддаг. Үндсэн үйлдвэрийн хавдар гэдэг нь ясны хэмд өөрчлөлт ордог, туслах үйлдвэрийн хавдар гэдэг нь сэрээ булчирхай, тунгалгийн булчирхай, дэлүү зэрэг эрхтэнд хавдрын өөрчлөлтүүд гарахыг хэлдэг. Аль ч төрлийн хавдрууд байсан эдийн , эсийн, молекулын , хромосомын түвшний нарийн оношилгоо, урт хугацааны зөв, чанартай, шинэ орчин үеийн практикт нэвтэрч буй эмчилгээ шаарддаг. Бид дэлхийн хэмжээнд зөвлөж буй оношилгоо, эмчилгээний арга технологийг лабораторийн хамт олонтойгоо хамтран боломжийн хэрээр нэвтрүүлэхийг хичээдэг. Зарим нэг оношилгооны шинэ технологи, эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж чадахгүй байгаа. Учир нь зарим технологи, эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд хүн ам цөөхөнтэй холбоотой, тэр дундаа цусны эмгэгүүд олонхийг хамарсан эмгэг биш гэдэгтэй, өндөр технологийн үнэ өртөг хэт өндөр байгаатай, боловсон хүчин хангалтгүй, цаашилбал эрүүл мэндийн салбарын тогтолцооны гажигшил, анагаахын салбарын сургуулиудын элсэлт, сургалтын гажиг, салбарын мэргэжилтэнүүдийн чадвар, ёсзүй, салбар хоорондын уялдаа муу, улсын эмнэлгийн эмийн тендерийн процессын асуудлууд гээд л маш олон зүйлсээс хамаарч байгаа. Клиникт ажиллаж байгаа бидний хувьд үргэлж л ямар нэг байдлаар сайжрахыг хичээдэг. Оношилгоо эмчилгээ он цаг улирах тусам сайжирч байгаа.

Монголд 5 жилийн өмнө хавдруудын молекулын түвшний оношилгоог хийдэггүй, эсийн түвшинд оношилдог байлаа. Гэтэл өнөөдөр хувийн болон улсын эмнэлгүүд алданги ононги ч гэсэн молекул, хромсомын түвшний шинжилгээнүүдийг хийж байна. Бидний цаашдын зорилго бол тохиолдол болгонд эдгээр нарийн шинжилгээнүүдээр оношилж, орчин үеийн чанартай, оновчтой эмчилгээг хийж, хүмүүсийн амьдрах хугацааг уртасгахад оршиж байгаа.
-Одоо үе шат нь ихэвчлэн хэдийд оношлогдож байна вэ?

-Одоогоос 10-15 жилийн өмнө 90 хувь нь төгсгөлийн шатандаа ирдэг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн эрүүл мэндийн ойлголт сайжирч, байгууллагууд ажилчидаа эрт илрүүлэгт хамруулж, “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр эрт шатандаа оношлогдох хувь нь нэмэгдэж байна. Туслах үйлдвэрийн хавдрууд удаан явцтай зовиур бага өгдөг учраас 3-4 шатанд ирэх нь их байна.
Хүмүүст хандаж хэлэхэд, харьяа эмнэлэгтээ жилдээ ядаж 1-2 үзүүлж цусны шинжилгээгээ өгөөд ЭХО -д харуулж байгаарай гэж хэлмээр байна. Хүмүүс цусны эмгэгээр оношлогдохдоо тэр дундаа хавдрын онош сонсоод энэ хүн эрүүл өссөн, бие нь өвдөж байгаагүй, хэзээ юунаас болоод цусны хорт хавдар тусчихав гээд биднээс асуугаад байдаг. Би тэр хүмүүст та нар энэ асуултаа өөрсдөөсөө асуугаарай гэж хэлэх дуртай. Учир нь энгийн үгээр хэлэхэд аливаа хавдрыг үүсгэж байгаа мутациуд олон жилийн өмнө бий болж явсаар хавдрыг бий болгодог. Жишээ нь : Өнөө цагт үсчний газарт бага болон өсвөр насны хүүхдүүдийнхээ үсийг олон янзын өнгөөр будуулаад, хими хийлгээд л , охидууддаа хиймэл хумс наалгаад л сууж байгаа эцэг эхчүүд маш их байх юмаа. Энэ их хорууд өсвөр насны идэвхтэй хурдтай бодисийн солилцоог яаж өөрчилж байгааг тэд мэдэхгүй л байгаа шүү дээ. Хүмүүс өнөөдөр хүүхдэдээ зөв хэрэглээг бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй.

-Цусны дэлгэрэнгүй гэх энэ гайхалтай шинжилгээг жилдээ 1-2 удаа өгөх хэрэгтэй-

Хүмүүс өөрийнхөө төлөө жилд 1-2 удаа цусны дэлгэрэнгүй шинжилгээг өгөх хэрэгтэй. Гайхамшигтай шинжилгээ шүү дээ. Дэлхийн бүх эмч нар цусны дэлгэрэнгүй шинжилгээг хараад хаашаа чиглэж ямар эмгэг хайхаа шийддэг. Цус өөрөө өвөрмөц мэдрэг чанартай, шингэн тогтолцоотой, генетик хүчин чадалтай эрхтэн . Чиний биед юу болж байгаа, юуг нь шинжлэх хэрэгтэй болсныг байнга харуулж байдаг.

Монголчууд одоо сэтгэлгээний ‘’ гажиг ‘’- аасаа салах хэрэгтэй болсон. Хүмүүс өвчний төгсгөлийн шатандаа ирээд эмчийн үзлэгийн хэдхэн хоногийн дараах дугаар авчихаад эмнэлгийн ажилчдад уурлаж, энэ хүн үхвэл та нар хариуцах юмуу? гээд л хашгирч гардаг. Гэтэл ихэнх тохиолдолд эмгэгийн шинжүүд илрээд нэлээд удсан, заримдаа 2-3 жил болсон ч тохиолдол байдаг. Танд урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах бүх боломж нь байдаг. Магадгүй хэдэн жилийн өмнө би эмнэлэгт үзүүлдэггүй, хэвтдэггүй гэвэл ямар бие сайтай хүн бэ гэдэг байсан. Харин өнөөдөр ингэж яривал ямар тэнэг хүн бэ, өөрийгөө анхаарахгүй л гэж хэлдэг болсон цаг шүүдээ.

Цусны архаг хавдар оношлогдсон хүмүүс үндсэн эмчилгээгээ эмчийн хяналтанд зөв уугаад, хугацаандаа хянуулаад байхад 10-20 гаруй жил ч амьдарч, ажил хөдөлмөрөө хийгээд чанартай амьдарч байна. Цочмог халдвар бол эсийн хэлбэрээсээ хамаарч тавилан нь янз бүр байдаг. Зарим эсийн хэлбэрүүд төгс эдгэдэг. 20-д жилийн өмнө бид цусны хавдрыг эсийн хэлбэрээр нь 5-6 хэлбэрээр ангилж байсан бол өнөөдөр 20 гаруй эсийн хэлбэрийг ялган оношлож байна. Эмчилгээ оновчтой, эмийн сонголт сайжирч байна. Хавдрын үеийн молекулын гажиг засдаг болчихлоо. Бай эмчилгээгээр молекулын түвшинд хавдрыг засаж 10, 20 жил болгоод өнөөдөр тэр хүмүүсийнхээ гэр бүл төлөвлөлт нөхөн үржихүйн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг алхмуудаа хийгээд явж байна.
-Улсынхаа эрүүл мэндийн салбарын асуудлыг нуруундаа үүрээд явж байхад давуу болон сул тал юу байна?

-Эмчийн хаалган дээр хүн ирж байж л эмч хөгждөг. Тийм болохоор энэ их ачаалал дагаад байнга хөгжих шаардлагатай болж тэр чинээгээрээ эмч уншиж, практик туршлага хуримтлуулж байдаг. Энэ миний дурласан ажил болохоор ажлаа хийхдээ бусад зүйлсээ мартдаг шүү. Нөгөө талаас нь харвал эмч бүр онол болон практик чадварын хувьд хөгжихийн тулд эмч нарын ачаалал тохирсон, 7 хоног бүрт эмчид өөрийгөө хөгжүүлэх тодорхой цаг байх ёстой.

Өнөөдөр манай залууст өдөр тутмын хэт их ачаалал нь хөгжих цагийг хомс болгож байна. Үүнд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл нь манай нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийн эмч нар цусны шинжилгээний хариуг үнэлэхгүйгээр нэг л үзүүлэлт өөрчлөгдсөн тохиолдол бүрийг цусны эмчид илгээж байгаагаас манай ганц төвийн өдөр тутмын ачаалал хэт ихсэж байна.
Иймээс I болон II шатлалын эмнэлгүүдийн эмч мэргэжилтэнүүд бусад эмгэгүүдийн үед гардаг хоёрдогч цусны өөрчлөлтүүдийг өөрсдөө оношилж, засаж, шийдэх боломжийг эхлээд өөрсдөө эрэлхийлэх хэрэгтэй. Мөн бодлогын түвшинд оношилгооны асуудлыг сайн харж, энэ салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө гаргах хэрэгтэй.

-Цусны эмч П.Балжинням: Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төв: 30 өвчтөнд өөрөөс нь, нэг өвчтөнд донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгаад байна

-Цусны үүдэл эс шилжүүлэх суулгах үндэсний багийн үүсэл болон багаа танилцуулаач?

-ЦЭСЧШСТ 2010 онд Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөлт ажлыг ардын эмч Н.Оюундэлгэр ахлагчтай эхэлж, 2012 онд ясны чөмөг шилжүүлэн суулгах нэгжийг байгуулан, 2014 оноос Монгол улсад анх удаа Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг БНСУ-ын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран амжилттай хийсэн юм. Ингээд 2015 оноос тус баг үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг бие даан хийж байна. Тодруулбал, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний баг найман жилийн хугацаанд 30 өвчтөнд өөрөөс нь, нэг өвчтөнд донороос үүдэл эс шилжүүлэн суулгажээ.
Шилжүүлэн суулгах үндэсний багт насанд хүрэгчдийн болон хүүхийн цусны эмч, лабораторийн эмч, сувилагч, лаборант, трансфузиологич, инженер гээд 30 гишүүнтэй байгуулагдсан ба ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран үйл ажиллагаагаа явуулж байна.

-Энгийн үгээр бусдад ойлгуулахад үүдэл эс шилжүүлэн суулгана гэдэг ямар процесс явагддаг вэ?
-Цусны эсүүд хөгжлийхөө аль нэг шатанд гажигтай болж мутаци болсноор цусны хорт хавдар үүснэ. Хими, бай эмчилгээний тусламжтайгаар хавдрын эсийн үүслийг дарангуйлж, эмгэгийн намжмал байдалд оруулна. Үүний дараагаар тусгай аппаратын тусламжтайгаар цусны үүдэл эсийг өвчтөний эсвэл донорын захын цуснаас шүүн цуглуулж, шүүсэн эсээ нарийн аргачлалын дагуу хөлдөөхөд ба сэлбэхэд бэлдэж, хөлдөөх тохиолдолд цаг хүрэхгүй хугацаанд -120 хэмээс доош хэмд эсээ хөлдөөж, -197 хэмд хадгална. Нөхцөлдүүлэх хими эмчилгээгээр хавдрын эсийг бүрэн устгаж, цусны үүдэл эсийг суулгах орон зайг бий болгож, цусны үүдэл эсээ сэлбэнэ, суулгана.

Суулгасан үүдэл эс биед дасах, хуваагдаж үүргээ гүйцэтгэх зэргээр хэвийн болтол хүнд хэцүү үеүдийг даван туулж, өвчтөнг эмчлэн хянана. Өөрөөс нь эс суулгах уг ажилбарт донор шаардлагагүй, суулгасны дараа эзэн биеийн эсрэг урвал гэх мэт хүндрэлүүд гардаггүй эмчилгээ байдаг бол донороос үүдэл эс шилжүүлэн суулгах тохиолдолд тохирсон донор олох нь хүндрэлтэй асуудлын нэг байсаар байна. Донорын эрүүл мэнд сайн байх, хэн хэнийх нь генийн дараалал яв цав тохирдог байх, өвчтөний хавдар, үндсэн эмгэг намжмал байдалд байх зэрэг олон шаардлагуудад тэр бүр нийцэх нь ховор ч үндэсний баг дараагийн доноруудаа бэлтгэж эхлээд байна.

Монголчуудын хувьд элбэг тохиолдох болсон цусны эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, улсын хэмжээнд эмнэлгийн байгууллагуудыг мэргэжлийн заавар зөвлөгөөгөөр хангах, цусны эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх ажлыг гүйцэтгэж яваа Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн хамт олон хуруу дарам цөөн хүнтэй багаар ийн ажиллаж байна.

Эх сурвалж:eguur.mn