Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Ц.БАТЦЭНГЭЛ: ТАМХИЧИН ХҮМҮҮС ХИЙ ХАНИАЛГЫГ ТООХГҮЙ ОЛОН ЖИЛ ЯВДАГ НЬ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСАНД Ч АЮУЛТАЙ

Ц.БАТЦЭНГЭЛ: ТАМХИЧИН ХҮМҮҮС ХИЙ ХАНИАЛГЫГ ТООХГҮЙ ОЛОН ЖИЛ ЯВДАГ НЬ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСАНД Ч АЮУЛТАЙ

Ц.Батцэнгэл: Тамхичин хүмүүс хий ханиалгыг тоохгүй олон жил явдаг нь эрүүл мэнд, амь насанд ч аюултайМонгол Улсын 15-64 насны эрэгтэйчүүдийн 49.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааг НЭМҮТ-өөс танилуулсан. Тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотойгоор эрэгтэйчүүдийн дунд уушги болон амьсгалын замын эрхтэний эмгэг түгээмэл тохиолдох байгааг мэргэжлийн эмч анхааруулж байна. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Уушги нь ямар үүрэгтэй эрхтэн систем бэ гэсэн ерөнхий асуултаас яриагаа эхэлье. Манай улсад энэ төрлийн эмгэг ямар түвшинд байгаа талаар Та мэдээлэл өгнө үү?
-Хүн амьсгал авахгүйгээр дөрвөн минутын дараа хүчилтөрөгчийн дутагдалд орж, 4-7 минутад тархи үхэж эхэлдэг. Хүчилтөрөгчгүйгээр долоон минутаас цааш амьдрах боломжгүй. Хүчилтөрөгчөөр хангаж байдаг хамгийн чухал эрхтэн нь уушги, амьсгалын эрхтэн тогтолцоо юм. Уушги бол нөөц сайтай эрхтэн бөгөөд хүн нэг талын уушгиараа ч амьдрах боломжтой байдаг.

Монгол Улсын хэмжээнд халдварын бус өвчлөлийн тохиолдлын хувиар уушгины эмгэгүүд нэгдүгээрт ордог. Түүн дотроо амьсгалын замын цочмог халдварт өвчин амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Сэрүүн бүсийн улс орнуудад агаар дуслын замаар дамждаг амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчин жилд 3-5 удаа тусах нь хэвийн гэж үздэг. Ханиад томуу нь бараг хүн бүхэн тусдаг маш элбэг тохиолддог вирусийн халдварт өвчин.

-Уушгины ямар төрлийн эмгэгүүд эрчүүдийн дунд түгээмэл байна вэ. Шалтгаан нь юу бол?
-Уушгины эмчийн хувьд хэлэхэд амьсгалын замын өвчин, тэр дундаа уушгины өвчинд эрэгтэйчүүд илүү өртдөг. Монголд эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг, тамхины хэрэглээ өндөртэй гэсэн судалгаа бий. Тамхины найрлага дахь 2000 төрлийн хорт бодис эрүүл мэндийг хордуулдгаас 43 нь хорт хавдар үүсгэнэ. Уушгины хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90-ээс дээш хувь нь тамхичин хүмүүс байдаг.

15 жил тамхи татахад уушгинд эргэлтгүй өөрчлөлт ордог. Байнга тамхи татаж хортой бодисоор цочроогоод байвал эрүүл хэвийн амьсгалын тогтолцоо алдагдаж уушгины хамгаалах, шүүх үүрэг нь доголдон уушгины гэмтэл үүсдэг. Гуурсан хоолойн архаг үрэвсэл болон халдварын бус өвчний үндсэн шалтгаан нь тамхи.

Тамхи эрүүл мэндэд дөрвөн төрлийн хор хөнөөлтэй гэж үздэг. Нэгдүгээрт, зөвхөн уушги биш, бүх эрхтэн системийг хордуулна. Хоёрдугаарт, Хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй. Гуравдугаарт, Галтай харьцдаг учир тэсэрч дэлбэрэх аюултай. Дөрөвдүгээрт, Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй. Зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоо, мэдрэлийн тогтолцооны эмгэгийн шалтгаан болно. Түүн дотроо амьсгалын эрхтэн тогтолцоо тамхинд хамгийн их хорддог. Олон жилийн турш тамхи татвал уушгины архаг бронхит үүснэ. Бронхитын үед хий ханиалгаж, цэр гарна. Гурван сараас дээш хугацаанд ханиалгаж, цэр гарч байгаа бол бронхит гэж оношилно. Тамхичин хүмүүс тэрийгээ өвчин гэж тооцохгүй хий ханиалгаад олон жил явдаг нь эрүүл мэндэд маш аюултай.

-Олон жил тамхи татсанаас хий ханиалгаад явдаг эрэгтэйчүүд цөөнгүй тааралддаг. Энэ нь эрүүл мэндэд хор хөнөөл ихтэй хэрэг үү?
-Монголчууд үүнийг “тамхины мэнгэр“ гэж хэлдэг. Үнэндээ байнга бүгшүүлж, бөглөрч амьдралын чанарыг их муутгадаг өвчин л дөө. Тамхины мэнгэр буюу архаг бронхитыг эмчлүүлэхгүй олон жил явбал улам хүндэрч, уушгины архаг бөглөрөлтөт өвчнийг үүсгэдэг. Архаг бронхит нь тамхины нөлөөгөөр гуурсан хоолойг үрэвсүүлж, шүүрэл ялгаралт нь ихсэж, архаг үрэвсэл нь даамжирсаар гуурсан хоолойг бөглөрөлтөт өвчин болж хүндэрдэг юм. 20-иод наснаас тамхи татаж эхэлсэн бол 40 наснаас дээш архаг бронхит нь уушгины архаг бөглөрөлтөт өвчин болж хүндрэх эрсдэлтэй гэсэн үг.

Уушгины архаг бөглөрөлтөт өвчин дэлхий дахинд халдварын бус өвчний шалтгааны зургаадугаарт эрэмбэлэгдэж байсан бол одоо нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт орж өвчлөл ихсэж байна. Монголд бол өвчлөлийн тоогоороо амьсгалын эрхтэн тогтолцоо, халдварын бус өвчин дотроо тохиолдлоороо нэгдүгээрт ордог. Нас баралтын шалтгаанаар нь авч үзвэл уушгины архаг бөглөрөлт зургаадугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол одоо дөрөвдүгээрт орж ихэссээр байна.

Шалтгаан нь тамхидалт, агаарын бохирдолтой холбоотойгоос гадна барилга, уул уурхай, янз бүрийн үйлдвэрийн тоосжилт ихтэй орчинд ажилладаг хүмүүс хөдөлмөр хамгааллын дэглэм баримтлаагүйгээс уушгины архаг бөглөрөлтөт өвчинд нэрвэгдэх нь бий. Тэгэхээр уушгиа гэмтээхгүйн тулд хөдөлмөр хамгаалалтын дэглэмийг сайн баримтлах ёстой юм.

-Уушгийг гэмтээх хамгийн хүнд өвчин нь архаг бөглөрөлтөт өвчин гэж ойлгож болох уу?
-Уушгины архаг бөглөрөлтийн дараагийн хүндрэл нь амьсгалын болон зүрхний дутагдалд оруулна. Эцэст нь тамхи татдаг хүний амьдрал 15-20 жилээр богиносдог. Хүчилтөрөгч авахгүй л бол амьсгалах, амьдрах боломжгүй хүнд байдалд ордог. Яг ингэж хүндэрсэн хүмүүст уушгины эмч бид тусламж үзүүлж ажилладаг.

-Амьсгалын дутагдалд орох хэмжээнд хүртлээ хүндэрсэн өвчтөн жишээлбэл танай тасагт жилд хэр олон ирж байна вэ?
-Уушгины архаг бөглөрөлт болтлоо хүндэрсэн өвчтөнүүд манайд ханддаг. Монгол Улсын хэмжээнд уушгины архаг бөглөрөлтөт өвчин 2010 оны судалгаагаар нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Надад байгаа хамгийн сүүлийн судалгааны дүн энэ. Практикаас харахад үүнээс хойших 12 жилийн хугацаанд өвчлөл улам ихэссэн. Тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа нас баралт өндөртэй өвчин юм.

-Уушгины архаг бөглөрөлтөт өвчин, астма хоёр ялгаатай болов уу?
-Ялгаатай. Астма, уушгины архаг бөглөрөлтөт өвчин гэж гуурсан хоолойг бөглөрүүлэх эрсдэлтэй хоёр үндсэн өвчин бий. Астма бол эмчилгээний үр дүнд эргэж хэвийн байдалд ордог, эмчлэгддэг өвчин. Харин уушгины архаг бөглөрөлтийн хэцүү нь гуурсан хоолойн эргэлтгүй бөглөрөлтөд оруулдаг, эмчлэгддэггүйгээрээ илүү аюултай.
Гуурсан хоолойн бөглөрөлт нь амьсгалын дутагдал, цаашилбал зүрхний дутагдалд оруулж, сүүлдээ хүчилтөрөгч авахгүй амьсгалах, амьдрах боломжгүй, байнгын эмнэлгийн хараат болгож үхэлд хүргэх эрсдэлтэй өвчин.

-Эрэгтэйчүүд маань тамхи татдаг хорт зуршлынхаа улмаас амьдралын чанар, эрүүл мэндээ алдаж байгааг Та анхаарууллаа. Эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал тавихгүй байна гэсэн үг биз?
-Монгол эрэгтэйчүүд эрүүл мэндэд анхаарал тавих тал дээр тун хангалтгүй. Энэ нь хувь хүний боловсролын түвшнээс ч хамааралтай нь ажиглагдсан. Ихэвчлэн эрүүл мэндийн болон ерөнхий боловсролын түвшин доогуур хүмүүс өвчнөө хүндрүүлж ирдэг. Уучлаарай, яах аргагүй тийм байдаг. Дээр нь эрэгтэйчүүд архи хэтрүүлэн хэрэглэж байна.

БАЙНГА АРХИ УУДАГ ХҮМҮҮС МАШ ХҮНД ХЭЛБЭРИЙН ХАТГААГААР ХҮНДЭРДЭГ

-Архины шалтгаантай эрчүүдийн дунд тохиолддог ямар эмгэгүүд байдаг вэ?
-Монгол эрэгтэйчүүдийн архи, тамхины хэрэглээ хэт өндөр. Байнга архи уудаг хүмүүс шууд маш хүнд хэлбэрийн уушгины хатгаагаар өвчилж, амьсгалын дутагдалд орж амь тэнссэн хүнд байдалтай эмнэлэгт ханддаг. Эдгээр шалтгаанаар нас барах тохиолдол эрчүүдийн дунд элбэг байна. Олон хоногоор архи уувал дархлааны тогтолцоо алдагдахаас гадна эрүүл ухаан санаагаа алдана. Хэсэг газрын хамгаалалтуудыг дарангуйлдаг зэрэг архины хортой, хүчтэй нөлөөлөл уушгийг гэмтээдэг.

-Аль насныхан илүү өвдөж байна вэ?
-Бүх насны эрэгтэйчүүдэд тохиолддог. Гэхдээ 40-60 насныхны дунд архидалт илүү их байна.

-Сүүлийн үед өсвөр насны хүүхэд, залуус электрон тамхи хэрэглэх боллоо. Тэд электрон тамхийг утаат тамхинаас хор нөлөө багатай гэж үзэж байгаа нь үндэслэлтэй юү?
-Электрон тамхины гол үйлчилгээ нь никотиныг өөр химийн бодисоор орлуулсан, никотинтой төстэй үйлчилгээ үзүүлдэг. Бас л химийн бодис учир хортой. Тэрийг шунан дурлаж хэрэглэснээр уушги, мэдрэлийн тогтолцоонд мөн л донтох, мансуурах үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс хорт зуршлуудаас хол байх, хэрэглэхгүйг хичээх нь чухал. Тамхины найрлага дахь никотин нь мансууран донтуулах үйлчилгээтэй. Никотин цусанд орж, тархинд нөлөөлснаар мансууруулах үйлчилгээ үзүүлж буй юм. Тамхи хортойг мэддэг хэр нь яагаад татдаг вэ гэхээр тааламжтай мэдрэмж авдагт байдаг. Тиймээс стрессээ тайлах, сэтгэл санаагаа засах зорилгоор тамхи татаж, эцэстээ гарахад амаргүй мэдрэлийн тогтолцоо нь хамааралт байдалд орчихдог.

Электрон тамхин дахь никотинтой төстэй бодисын улмаас уушги гэмтсэн тохиолдлууд цөөнгүй байна. Энэ нь уушгин дахь амьсгалын эсүүдийг гэмтээж, эдгэршгүй хатгаа, уушгины үрэвсэлт өвчин үүсгэдэг. Бусад эрхтэн тогтолцоо нь эрүүл саруул залуу хүн яагаад эдгэрэхгүй байна вэ? гээд эмч нар шалтгааныг тодруулахад электрон тамхи хэрэглэдэг залуучууд илүү байгаа нь ажиглагдсан.

-Тамхи, архины замбараагүй хэрэглээ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг доройтуулж байгааг Та тодорхой хэлж, анхаарууллаа. Эцэст нь Та эрэгтэйчүүдэд эрүүл мэндээ хамгаалах ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монголчууд ханиалгаад, цэр гараад явж байгаагаа ер тоодоггүй. Ханиалгах, цэр гарах, амьсгаадах нь амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн гол шинжүүд. Эрүүл хүн ханиах, цэр гарах, цээжээр өвдөх ёсгүй. Монгол эрэгтэйчүүд хэнэггүйн асуудал ихтэй.

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн Танд баярлалаа.

Эх сурвалж: Gogo.mn