Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулж, цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, хими эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулж цус судлал, удам зүй, молекул биологи, лаборатори, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан анагаахын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, эмч нарын туурвисан “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. Төрийн шагналыг Судалгааны багийн ахлагч, Ардын эмч, доктор, дэд профессор Н.Оюундэлгэр, багийн гишүүн анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Хишигжаргал, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Мядагсүрэн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Ж.Нарангэрэл нарт гардууллаа.
УНТЭ-т Үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл 2011 оноос эхэлсэн бөгөөд 2014 онд анхны өвчтөнд өөрөөс нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан бол одоогийн байдлаар нийт 36 өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.