ЭМЯ, НЭМҮТ хамтран “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөгийг өнөөдөр /2024.05.22/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн зорилго нь олон нийтэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хууль”-ийг иргэд, олон нийт, эрүүл мэндийн ажилтнуудад сурталчлан таниулахад оршиж байгаа юм.
Өдөрлөгт Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийг төлөөлж Хоолзүйч Э.Санчир, Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн О.Чанцалдулам, Дотоод шүүрэл судлал, диабетын төвийн их эмч Э.Мөнгөннавч, их эмч Б.Мөнх-Од, резидент эмч Ч.Чулуунцэцэг, Эрүүл мэндийг дэмжих төвийн зохицуулах сувилагч Б.Уранцэцэг нар оролцлоо.
Өдөрлөгийн үеэр артерийн даралт болон цусан дахь сахарыг түргэвчилсэн аргаар хэмжих, хоол зүй, шим тэжээлийн зөвлөгөө өгөх, биеийн бүтэц, найрлага тодорхойлох зэрэг үйлчилгээг ард иргэдэд үзүүлсэн байна. Тодруулбал нийт 70 иргэний артерийн даралтыг хэмжсэн бөгөөд цусан дахь сахарын түргэвчилсэн шинжилгээ 121 иргэнд хийснээс чихрийн шижин өвчин оношлогдож, 6 иргэнд дотоод шүүрлийн эмчийн үзлэг зөвлөгөө өгч УНТЭмнэлэгт цаг товлон үйлчилгээ үзүүллээ. Мөн биеийн бүтэц найрлага тодорхойлох Inbody аппаратаар 45 иргэнд хэмжилт хийж, чихрийн шижин өвчний үеийн болон эрүүл зөв хооллолт, таргалалтын үеийн хоол шим тэжээлийн зөвлөгөөг өдөрлөгт оролцсон иргэдэд өгч ажиллалаа.