11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Д.ЭНХЗУЛ: НАРНЫ ШИЛ ТОГТМОЛ ЗҮҮХ НЬ БОЛОР ЦАЙРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН ЭНГИЙН АЛХАМ

Д.ЭНХЗУЛ: НАРНЫ ШИЛ ТОГТМОЛ ЗҮҮХ НЬ БОЛОР ЦАЙРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН ЭНГИЙН АЛХАМ

Нүд нь хүний хамгийн чухал, бас эмзэг эрхтэн. Нүдний эрүүл ахуйн ойлголтгүйн улмаас гэмтээсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандалгүй дур мэдэн эмчлэх гэж оролддог хүн цөөнгүй. Гэтэл энэ нь цаашлаад торлог бүрхэвч гэмтэх, болор цайрах, нүдний даралт ихсэх зэрэг сөрөг үр дагавартай юм байна. Тиймээс дээрх нүдний өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлс болон түүнээс сэргийлэх арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Д.Энхзултай ярилцлаа. Тэрбээр Ази, Номхон далайн Нүдний эмч нарын академиас нүд судлалын олон улсын шагнал хүртэж байсан юм.

-Монголчуудын дунд нүдний ямар өвчин зонхилж байна вэ?

-Нүдний зонхилон тохиолдох өвчин эмгэгүүд гэж бий. Тухайлбал, 50-иас дээш насныханд болор цайх нь түгээмэл. Мөн глаком буюу нүдний даралт ихсэх өвчин, хугарлын гажиг буюу бидний хэлж заншсанаар хараа муудах эмгэг ч түгээмэл. Түүнчлэн ахуйн болон янз бүрийн гэмтэл, торлогийн эмгэгүүдээс шалтгаалж өвдсөн хүмүүс манайхыг зорих нь элбэг. Мөн бусад өвчин эмгэгээс хамааралтай, торлог бүрхүүлийг гэмтээдэг эмгэгүүд ч бий. Жишээлбэл, судасны бөглөрөл, торлогийн гэмтлээс шалтгаалсан хугарал зэрэг нь монголчуудын дунд түгээмэл тохиолддог эмгэгүүд юм. Харин хүүхдүүдийн хувьд хугарлын гажиг, нүдний хялар, зовхины эмгэг болон гэмтлүүд элбэг.

-Болор цайх эмгэг гэж юу вэ. Үүнд нөлөөлж буй нийтлэг хүчин зүйл нь юу юм бол?

-Болор нь нүдний хугаралд зонхилох үүрэг гүйцэтгэдэг бүтэц юм. Энэ нь тунгалаг өнгөтэй, гадуураа нимгэн ууттай, хоёр тал нь гүдгэр хэлбэртэй бие бөгөөд нүдний цөцгийн урд, солонгон бүрхүүлийн ард оршдог. Болрын найрлагад ус, уураг, давс эрдэс, липоид зэрэг бодис бий. Нас ахих тусам болрын химийн найрлага, тогтоц өөрчлөгдөх тусам тунгалаг чанарт нь нөлөөлснөөр бүдэгшихэд хүргэдэг. Үүнийг катаракт гэж нэрлэдэг.

Мөн үүсгэх хүчин зүйлс гэж бий. Ихэвчлэн насжилтаас шалтгаалан үүсдэг боловч анхдагч болон хоёрдогч хүчин зүйлсээс хамааралтайгаар болор бүдэгшдэг. Жишээлбэл, нарны хэт ягаан туяа буюу экватортой ойролцоо оршдог улсуудад энэ нь харьцангуй эрт илэрдэг. Түүнчлэн нарны хэт ягаан туяанд хамгаалах шил зүүхгүй байх нь болрын бүдэгшил бий болоход нөлөөлдөг. Архи, тамхи, витамин, эрдсийн дутагдал ч үүнд хамаарна. Түүнчлэн нүдний гэмтэл, цацраг туяа, эмийн бодисын нөлөө гэх мэт шалтгаанаас үүдэн болор эрт болон хожуу үедээ цайж болно. Болор цайх эмгэг хүндэрсэн тохиолдолд хараагаа бүрэн алдах эрсдэлтэй. Тиймээс байнга анхаарах шаардлагатай.

-Ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?

-Болор цайх үед болрын найрлагад өөрчлөлт орж, тунгалаг чанараа алддаг. Тунгалаг орчин гэдэг нь эвэрлэг бүрхүүл буюу цагны шил шиг бүтэц юм. Ингэснээр нүдэнд утас, хялгас хөвж буй мэт санагдах, бүрэлзэх, хараа аажим муудах зэргээр илэрдэг. Бүдэгшил нэмэгдэх тусам хараа мууддаг гэсэн үг. Өвдөх зовуурь илрэхгүй боловч аажимдаа хараа бүрэлзэж, муудна. Зарим тохиолдолд нүд хөөж, хавагнах, өвчин орох, улайх, хүчтэй өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ үед мэс засал хийхэд хүндрэл гарах эрсдэлтэй. Тиймээс яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай. Харин аажимдаа бүдэгшиж буй процессыг хүмүүс хараа муудахтай андуурч, эмчид хандах нь түгээмэл.

-Хэрхэн оношилж, ямар эмчилгээ хийдэг вэ?

-Үүнийг мэс заслын аргаар эмчилдэг. Мэргэжлийн эмч нарийн үзлэг хийснээр оношилно. Болрын цайлт нь маш олон төрөлтэй. Тухайлбал, урд ба ар туйлын, холтослогийн, цөмийн, хавсарсан, бүх болрыг хамарсан цайралт гэх мэт. Зарим хүн болор нь цайж эхлэхийг анзаардаг бол зарим нь аажимдаа үүсэж буй бүдэгшлийг тэр бүр мэдэхгүй хараа муудаад байна, шил тааруулах гэсэн юм гэж эмчид хандах нь түгээмэл.

-Та мэс ажилбараар эмчилдэг гэж хэллээ. Тэгэхээр болор солиулах мэс ажилбарын дараа эргээд хараа муудах зэрэг ямар нэгэн шинж илэрдэг үү?

-Зөвхөн болроос бус, өөр шалтгаанаас үүдэн хараагаа алдсан бол уг мэс заслын дараа хараа сайжраагүй байж болно. Тухайлбал, чихрийн шижинтэй хүний хувьд нүдний угтаа чихрийн шижингийн хүндрэл, хараанд нөлөөлөх зүйлс нь үүсчихсэн байвал болрын мэс засал хийсэн ч бусад шалтгаанаас үүдэн хараа сайжрахгүй байж болно гэсэн үг. Харин болрын мэс ажилбарыг зөвхөн хараа сайжруулах зорилгоор хийлгэж буй бол ихэнх тохиолдолд харааны сэргэлт сайтайд тооцогддог. Түүнчлэн насжилтаас хамааралтай болрын цайлт үүссэн тохиолдолд мэс ажилбарын дараа хараа 100 хувь сайжрах боломжтой.

Мөн бид сүүлийн үед болрын мэс заслыг зөвхөн хараа сайжруулах зорилгоор бус, эмчилгээний журмаар хийж байна. Тухайлбал, манай монголчуудад зонхилон тохиолдох өвчний хоёрдугаарт нүдний даралт ордог. Үүний дотор нүдний хаалттай өнцөгт хэлбэртэй даралт ихсэлт түгээмэл байна. Тэгэхээр ийм нүдний даралттай хүмүүст бид эмчилгээний зорилгоор уг мэс заслыг эрт үед нь санал болгодог. Ингэснээр нүдний даралт бууруулах ач холбогдолтойг олон улсын судалгаагаар баталсан. Манайд ч ийм мэс заслыг эмчилгээний зорилгоор түлхүү хийж буй.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд хараа муудах, болор цайх эмгэг түгээмэл илэрч байна гэж сонссон.

-Хүүхдийн болор цайх эмгэг нь төрөлхийн болон олдмол шалтгаантай. Төрөлхийн катаракт нь удамшлын шалтгаантай бол олдмол катаракт нь хүүхдүүдийн хувьд гэмтлээс үүсэх нь элбэг.

Харин бага насны хүүхдүүдийн хараа муудаж буй гол шалтгаан нь харааны хугарлын гажиг юм. Энэ нь амьдралын хэв маягийн өөрчлөлт мөн хотжилттой холбоотой. Цахим орчин, техник, технологийн хөгжил нь олон талын ач холбогдолтой. Гэвч үүнийг дагаад сөрөг үр дагавар ч бий. Тухайлбал, хүүхдүүдийн утасны хэрэглээ нэмэгдэж, цахим орчинд маш их цаг өнгөрөөж байна шүү дээ. Түүнчлэн гэрэлтүүлэг сайтай орчинд зөв сууж, хичээл хийхээ больсон. Эсрэгээрээ, харанхуйд ухаалаг утас, таблет, зурагт үздэг. Энэ нь хүүхдүүдийн хараанд нөлөөлж, шилний хамааралтай болгож байна. Хүүхдийг өдөрт нэг цаг гадаа тоглуулах нь зөвхөн нүдэнд нь бус, бие махбодод нь олон төрлийн ач холбогдолтойг судалгаагаар тогтоосон. Тэгэхээр хүүхдүүдээ агаар, салхинд гаргаж, тоглуулж байх хэрэгтэй.

Нүд амраах 20-20-20-ийн дүрэм гэж бий. Бидний нүд компьютер, телевиз, гар утас зэргийг удаан хугацаагаар ширтсэнээс болж ядардаг. 20 минут харааны ачаалалтай ажилласан бол 20 алхмын газрыг 20 секунд харах дүрэм юм. Энэ дасгал нь хүүхдийн төдийгүй насанд хүрсэн хүний нүдэнд ч сайнаар нөлөөлнө.

-Болор цайрах эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Хамгийн энгийн арга нь гадуур явахдаа нарны шил тогтмол зүүж хэвших юм. Энэ нь дан ганц болор цайрах төдийгүй нүдний өөх ургахаас ч сэргийлдэг. Түүнчлэн витаминтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, А, Е витаминаар баялаг нэрс, лууван гэх мэт жимс, хүнсний ногоо хэрэглэж болно. Мөн эдгээрийг бэлдмэлээр ч уух боломжтой. Түүнчлэн архи, тамхины хэрэглээгээ хязгаарлавал зохистой. Энэ нь энгийн мэт боловч эн тэргүүнд хэрэгжүүлэх дадал юм. Харин чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд нүдэнд маш их ачаалал өгдөг. Тиймээс юуны түрүүнд гол үүсгэгч өвчнөө эмчлэх нь чухал. Зөвхөн нүдний бус, бүтэн биеийн бичил судсыг гэмтээдэг.

-Мэс заслын өмнө болон дараа юуг анхаарвал зохистой вэ?

-Болрын мэс заслын дараа шархыг бүрэн эдгэрэх хүртэлх хугацаанд үрэвслийн нүдний дусаалгаа эмчийн зөвлөсний дагуу дусаана. Нүд хуурайшихын эсрэг, нөөшлөгчгүй хиймэл нулимс хэрэглэж болно. Орчин үед техник, технологи хөгжсөөр байна. Өмнө нь бид зүслэгтэй мэс ажилбар хийдэг байлаа. Харин өдгөө энэ нь шинэчлэгдэж, оёдол тавьдаггүй болсон. Түүнчлэн дурангийн мэс ажилбарыг өнөөдөр хийгээд л маргааш нь өвчтөнүүдээ гаргаж байна. Дурангийн мэс ажилбарын хувьд бага зүсдэг учраас эдгэрэлт нь ч харьцангуй хурдан. Тиймээс ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд илүү дөхөм юм. Гэхдээ энэ нь тухайн хүний биеийн байдлаас хамаарна.

-Хүн болгонд тохирсон болрын хэмжээ байдаг уу?

-Хүн болгоны хөлийн хэмжээ өөр. Бид түүндээ тааруулж гутал өмсдөгтэй шүү дээ. Үүний адилаар тухайн хүний болрын хэмжээнд тохирсон хиймэл болор хийдэг.

-Болроо солиулсан бол огцом хөдөлж болохгүй гэх ойлголт иргэдийн дунд бий шүү дээ. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй юү?

-Мэс заслын явцад эрсдэл, хүндрэлгүй, стандартын дагуу суурилуулсан бол хиймэл болор байрнаасаа хөдлөх, хазайх боломжгүй. Ямар нэгэн байдлаар нүдээ цохиж гэмтээгээгүй тохиолдолд болор хөдлөхгүй.

-Иргэдийн дунд нүдний даралт ихсэх эмгэг түгээмэл зонхилдог гэж байна. Энэ нь юунаас үүдэлтэй, ямар шинж тэмдэг илэрдэг эмгэг юм бол?

-Нүдний даралт ихсэх эмгэг мөн л 40-өөс дээш насныханд зонхилон тохиолддог. Тиймээс энэ насныхан жилдээ нэг удаа нүдний цогц үзлэгт орох шаардлагатай. Энэ нь сохроход хүргэдэг эмгэг. Эргэж хараа сайжрах боломжгүй гэсэн үг. Хэрэв нүдний даралт ихсэх эмгэгтэй гэж оношилсон бол эмчийн хяналтад байнга байх шаардлагатай. Зөвлөсөн эмийг нь тогтмол хэрэглэх ёстой. Ингэснээр хараагаа бүр мөсөн алдахаас сэргийлж, одоо байгаагаар нь хадгалах боломжтой. Манайхан эмийн эмчилгээ хийлгээд л хараа сайжирна гэж боддог. Гэтэл энэ бол сайжрах боломжгүй эмгэг юм. Харин оношлогдсон үеийнхээсээ муутгахгүй байх л боломжтой. Гэтэл манайхан эрүүл мэндийн боловсрол төдийгүй эдийн засгийн боломж, бололцооноос шалтгаалан эмээ тогтмол хэрэглэхгүй байна. Эмчилгээгээ бүрэн хийлгэхгүй бол хараагаа алдах эрсдэлтэй шүү дээ. Тиймээс иргэд эрүүл мэндийн боловсролоо дуушлүүлэх шаардлагатай.

Мөн орчин үед нүдний даралт бууруулах эм дусаахаас гадна шүүрүүлэх мэс ажилбар хийдэг болсон. Түүнчлэн нүдний даралт бууруулах зорилгоор имплант суулгах гэх мэтчилэн олон төрлийн эмчилгээний арга, техник нэвтрүүлсэн. Эмч нар нүдний даралтын чиглэлээр нарийн мэргэшиж тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг хэлэх нь зөв байх.

-Өдөр тутмын амьдралд саад учруулахааргүй шинж тэмдгүүдийг хүмүүс тэр бүр тоодоггүй шүү дээ. Энэ нь хожмоо ямар үр дагавартай бол?

-Мэдэгдэхүйц ямар нэг зовуурь илэрвэл мэргэжлийн эмчид хандах нь хамгийн энгийн арга юм. Тухайлбал, манайхан нүдэнд өт цацчихлаа. Тэгэхээр нь хүнээр долоолголоо гэдэг. Гэтэл энэ нь эрүүл ахуйн хувьд байж боломгүй үйлдэл. Тухайн хүний шүд хорхойтсон уу гэдгээс эхлээд эрсдэл их шүү дээ. Тиймээс аргагүй нөхцөлд анхан шатны тусламж, үйлчилгээг зөв үзүүлэх мэдлэгтэй болох хэрэгтэй. Ядаж л нүд түлэгдэх үед цэвэр усаар угаахыг мэддэг байвал зохистой. Мөн тухайн үедээ анхны тусламж үзүүлсэн ч ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Энэ нь дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Тиймээс эрүүл мэнд бол хамгийн үнэтэй зүйл гэдгийг ойлгож, хариуцлагатай хандах нь чухал. Гоё, сайхан харагдахыг хүсэж, гадна төрхдөө их мөнгө зарцуулдаг боловч хамгийн чухал эрүүл мэндээ орхигдуулж буй нь нийтлэг ажиглагдаж байна. Тиймээс эрүүл мэнд нэгдүгээрт учир өөртөө хөрөнгө оруулж сурах хэрэгтэй.

-Нүдний эмчилгээ, мэс заслыг манайд хийдэг. Гэтэл хүмүүс боломж нь байвал гадагшаа явах хандлагатай. Шалтгаан нь юу юм бол?

-Өмнө нь торлогийн мэс заслыг гадаадад хийлгэхийг зөвлөдөг байсан. Одоо нүдний бүх төрлийн өвчин, эмгэгийг Монголдоо оношилж, эмчилдэг болсон. Харин онош нь тодорхой ч шалтгаан нь тодорхойгүй эмгэгүүд гэж бий. Тийм тохиолдолд гадаадад эмчлүүлэхийг зөвлөнө. Нөгөөтээгүүр тухайн хүний амьдралын болон санхүүгийн боломж, бололцооноос хамаарч буй. Хувь хүний сонголтын асуудал юм.

-Гадуур маш олон төрлийн нүдний дусаагуур худалддаг болсон шүү дээ. Тухайлбал, хиймэл нулимс гэх мэт. Ийм дусаалгыг дур мэдэн хэрэглэх нь зөв үү?

-Хиймэл нулимсыг тогтмол хэрэглэ гэж зөвлөнө. Ялангуяа техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор нүдний хуурайшилт нэмэгдсээр буй. Хүн нэг минутад 10-12 удаа анивчих ёстой. Гэтэл компьютер удаан ширтсэнээр үүнээс бага анивчиж байна. Ийм энгийн зүйлсээс шалтгаалан нүд хуурайшдаг. Тэгэхээр анивчих нь хүртэл нүдний эрүүл мэнддээ анхаарч буйн илрэл. Хиймэл нулимсны тухайд усан, тосон, судас агшаагчтай гэх мэт олон төрөл бий. Усан нь жоргүйгээр хэрэглэж болох дусаалга. Харин дунд болон хүнд зэргийн нүдний хуурайшилтай хүмүүст бид тосон нулимс санал болгодог. Судас агшаагчтайг бол эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Тухайлбал, нүд улайсан болон ханиад хүрсэн үед хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь улайлтыг хурдан намдаахад туслах юм. Эдгээрийг эмчийн жороор хэрэглэнэ.

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр харшлын дусаалга борлуулах нь эрс нэмэгдсэн. Тэдгээрийнх нь тайлбарыг уншихад судас агшаагчтай, жороор хэрэглэх дусаалгууд байдаг. Гэтэл ийм төрлийн судас агшаагчтай, үрэвслийн дусаалгуудыг замбараагүй хэрэглэх нь нүдний цусан хангамжид сөргөөр нөлөөлдөг. Тиймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлж, тохирох бүтээгдэхүүнээ сонгоорой.

"Өнөөдөр сонин"

Сэтгүүлч У.Цэцэгсүрэн

2024.06.27