11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ТАЙВАНЬ-МОНГОЛЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО

УНТЭ, Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв, Дүрс оношилгооны төв, Гэдэсний эмгэг судлалын монголын нийгэмлэг хамтран “Бүдүүн гэдэсний үрэвсэлт эмгэгийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын хурлыг өнөөдөр /2024.09.11/ УНТЭ-ийн их танхимд зохион байгууллаа.

Хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдал, хотжилт, хүн амын амьдралын хэв маяг ба хоол хүнсний хэрэглээний өөрчлөлт, оношилгооны чадамж сайжирч байгаагаас үүдэн гэдэсний үрэвсэлт эмгэгийн өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж энэхүү эмгэгийн оношилгоо, эмчилгээ тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Иймд бид өнөөдрийн хамтарсан хурлыг зохион байгуулж байна. Бид эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургах, оношилгоо, эмчилгээний шинэ шинэ технологиудыг нэвтрүүлэхээр зорин ажилладаг бөгөөд энэ удаагийн хурал монголын эмч мэргэжилтнүүдэд Тайвань улсын эмч, эрдэмтдийн мэдлэг оюун, туршлагаас суралцах бас нэгэн боломжийг олгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм” хэмээгээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Үдээс өмнөх хуралдаанаар Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн профессор Chein-Chih Tung “Бүдүүн гэдэсний үрэвсэлт эмгэгийн оношилгоо, эмчилгээ”, УНТЭ-ийн Гастроэнтерологийн их эмч Д.Ариунзул “Монгол улс дахь бүдүүн гэдэсний эмгэгийн өнөөгийн байдал”, Тайванийн үндэсний их сургуулийн профессор I-Lun Shih “Бүдүүн гэдэсний үрэвсэлт эмгэг дэх дүрс оношилгооны оролцоо” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Хурлын хоёрдахь хэсэгт УНТЭ-ийн ДОТ-ийн их эмч, анагаах ухааны доктор Л.Оюунболд “Бүдүүн гэдэсний үрэвсэлт эмгэгийн дүрс оношилгоо”, Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессор Jia-Huei Tsai “Бүдүүн гэдэсний үрэвсэлт эмгэгийн өдөр тутмын эмгэг судлалын шинжилгээ”, АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Л.Саямаа “Бүдүүн гэдэсний үрэвсэлт эмгэгийн эмгэг судлалын оношилгоо” сэдвээр тус тус судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.

Хурлыг хааж Гэдэсний эмгэг судлалын монголын нийгэмлэгийн тэргүүн анагаах ухааны доктор О.Баярмаа үг хэлсэн бөгөөд өсөн нэмэгдэж байгаа гэдэсний эмгэгийн оношилгоо, эмчилгээнд олон мэргэжлийн эмч нарын хамтарсан багаар ажиллах, оношилгоо, эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, гадаад харилцааг өргөжүүлэх, гэдэсний эмгэгийн суурь судалгааг хийх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Хуралд нийт танхимаар 84, цахимаар 46 эмч мэргэжилтэн оролцлоо.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлэгтэй 2018 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулсан билээ. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв, Дүрс оношилгооны төвийн эмч нар Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлэг дээр HOPE тэтгэлгээр мэргэжлийн сургалтад хамрагдсан юм.