УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн Улаанбаатар хот дахь Тайванийн төлөөлөгчийн газрын дарга Николас Ванг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2024.09.17/ хүлээн авч уулзав.
Уулзалтад Тайванийн Засгийн газар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Олон улсын эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн дэмжих, үйлчилгээний хөтөлбөр платформын /GMISS/-ийн захирал Чан Хонг Шэнь, Тайванийн төлөөлөгчийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Жимми Као, УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, гадаад харилцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа, Зүрхний төвийн дарга Л.Анхбаяр, тус төвийн эмч нар болох Э.Баттөр, Ч.Мандахнар нар байлцав.
Уулзалтаар УНТЭ зүрхний нээлттэй хагалгаа хийхийг зорин ажиллаж байгаа талаар ярилцаж, түүнд шаардагдах хүний нөөц болон тоног төхөөрөмжийн асуудлаар санал солилцлоо. Мөн энэ үеэр Тайванийн зүгээс мэс ажилбарт хэрэглэгддэг цөөн тооны жижиг багаж, хэрэгслүүдийг бэлэглэлээ.
Олон улсын эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн дэмжих, үйлчилгээний хөтөлбөр платформ /GMISS/-ыг Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Тайванийн үндэсний их сургууль хамтран байгуулсан бөгөөд гол зорилго нь хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нь туслах зорилгоор ашиглах боломжтой эмнэлгийн багаж хэрэгслийг хандивлах, техникийн сургалт явуулахад оршдог. Улмаар 2005 оноос хойш Африк, Ази Номхон далайн бүс нутаг, Төв болон Өмнөд Америкийн 38 оронд нийт 7400 гаруй тоног төхөөрөмжийг хандивласан байна.