Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэй СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨВЛӨЛТ СЕМИНАР-ийг амжилттай зохион байгуулж байна.
Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд сонсголын бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж, тэдний нийгмийн оролцоо, амьдралын чанарыг сайжруулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.
"Орчны дуу чимээ нэмэгдэхийн хэрээр сонсголын эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлага нэмэгджээ"
Орчны дуу чимээ, амьдралын буруу хэв маяг бусад шалтгаануудын улмаас дэлхий нийтээрээ сонсгол бууралтын асуудалд анхаарал хандуулах болсон. ДЭМБ-ын 2023 оны мэдээллээр дэлхий дээр нийт 430 сая хүн дунд болон хүнд зэргийн сонсголын бэрхшээлтэй бөгөөд эдгээрийн 34 сая нь хүүхдүүд байгаа нь бодлогын түвшинд энэхүү асуудлыг зайлшгүй анхаарах шаардлагатайг сануулж буй. Монгол Улсын хувьд мөн ижил асуудал тулгамдаж байгаа ба одоогийн байдлаар 0–16 насны 1170 хүүхэд, 16–60 насны 8700 орчим хүн сонсголын бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа хязгаарлуулсан гэсэн тоо баримт байна.
Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэй “Сонсголын бэрхшээлийн эрүүл мэндийн төлөвлөлт” сэдэвт семинарыг амжилттай зохион байгуулж байна. Сургалтын гол агуулга нь сонсголын бэрхшээлийг нийгмийн эрүүл мэндийн үүднээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт оношлох, нөхөн сэргээх тухайд чиглэх бөгөөд 4 сарын 14-нөөс 16 хүртэл үргэлжлэх юм. Уг семинар нь цөөн хүний бүрэлдэхүүнтэй Workshop хэлбэрээр явагдаж байгаагаараа мөн онцлогтой.
Сургалтад ДЭМБ-ын Номхон далайн бүсийн Чих-сонсголын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, дэлхийд тэргүүлэх чих-сонсголын мэргэжилтнүүд, Монголын нийгмийн эрүүл мэндийн салбарынхан, мэргэжлийн эмнэлгүүдийн төлөөллүүд оролцож нээлтийн үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте, УНТЭ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, чих хамар хоолойн зөвлөх эмч Л.Бямбасүрэн нар оролцож, энэхүү сургалтын ач холбогдол, гарах үр дүн нь Монголын хүн амын сонсголын эрүүл мэндийг хамгаалахад томоохон түлхэц болохыг онцолсон юм.