Зүрхний эмгэг судлалын тасгийн их засварын дараах нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө нээлтэнд Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан нарын албаны хүмүүс оролцлоо. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв.
Тэрбээр "Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж, зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлэгч бүх хүнд Улсын Онцгой Комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Дэлхий дахинд зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт нэгдүгээрт, Монголд гуравдугаарт орж байна. Иймд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандиваас нэгж үнэ нь 120 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын хоёр аппаратыг худалдан авч өгч байна" гэлээ.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн хоёр иргэний хандивласан иж бүрэн тоноглол бүхий 20 ширхэг орыг дагалдах хэрэгслийн хамт манай эмнэлэгт хүлээлгэн өглөө.