Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ: Эрт илрүүлгээр иргэдийн дунд ходоодны үрэвсэл, бамбайн зангилаа болон уйланхай ихээр оношлогдож байна

УНТЭ: Эрт илрүүлгээр иргэдийн дунд ходоодны үрэвсэл, бамбайн зангилаа болон уйланхай ихээр оношлогдож байна

Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш Улcын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 640 хүн үйлчүүлж, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байгаа.

Тэгвэл УНТЭ-т өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 06-р сарын 20-27 өдрүүдэд нийт 98 хүн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоод хамрагдсан бөгөөд иргэдийн дунд бамбайн зангилаа болон бамбайн уйланхай, ходоодны үрэвсэл зэрэг эмгэгүүд зонхилон шинээр илэрчээ.

Үүнд:

  • Бамбайн зангилаа болон бамбайн уйланхай-12,
  • Ходоодны үрэвсэл-27,
  • Эмэгтэйчүүдийн хавдар-1 илэрсэн байна.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн хавдар илэрсэн эмэгтэй нь 49 настай Сүхбаатар дүүргийн иргэн бөгөөд эмэгтэйчүүдийн эсийн ПАП шинжилгээгээр хавдар гэж оношлогдсон бөгөөд ХСҮТ-д хандахыг зөвлөсөн байна.

Эрт илрүүлэг нь урьд нь өөрөө мэдээгүй байсан өвчлөлөө эрт үе шатанд нь илрүүлж дараагийн шатны тусламжаа түргэн шуурхай авах ач холбогдолтойг дээрх жишээнээс харж болно.

31-ээс нээш настай иргэдийн дунд хавсарсан оноштой иргэд дийлэнх хувийг эзлэж байгаа бөгөөд нийт 24 иргэн хавсарсан өвчлөлтэй гарсан.

46-60 насны иргэдийн дунд хавсарсан оноштой иргэдийн дийлэнх нь элэгний өвчлөл, бөөр шээсний замын сувганцрын завсрын эдийн архаг нефрит эзэлж байгаа бол 61-ээс дээш насны иргэдэд Зүрхний (хурмал) дутмагшилгүй даралт ихсэх өвчин, ходоодны үрэвсэл, бодисын солилцооны хямрал хиперлипидеми, даралт ихсэх өвчин зонхилж байна.

УНТЭ нь Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа.