11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Түүхэн товчоо

Эмнэлгийн түүхийн товчоон

Манай улсад 1921 оны 8-р дугаар сарын 25-нд иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийн хороо байгуулах тухай Бүх Цэргийн Зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар гарын үсэг зурснаар эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны эмнэлгийн үүсэл хөгжлийн суурь тавигджээ.

1925 оны 10 дугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тулгын чулуу тавигдсан байна.

Ардын эмнэлгийг 1935 оноос Клиникийн эмнэлэг болгон өргөжүүлсэн ба хөгжлийн он жилүүдэд өнөөгийн эрүүл мэндийн салбарт тэргүүлж буй олон эмнэлэг тус эмнэлгээс салбарлан гарсан юм.

Тус эмнэлэг нь 1971 онд Чехословак улсын тусламжаар баригдсан 24656 м2 талбай бүхий 240 ортой, эмнэлгийн байртай болсон бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 150-р тогтоол, Эрүүл мэндийн яамны сайдын 278 дугаар тушаалаар Нэгдсэн 1-р эмнэлгийг Улсын Клиникийн Төв Эмнэлэг болгон үйлчлэх хүрээг өргөтгөн зохион байгуулж 600 ортойгоор ажиллуулж эхэлсэн. 2015 онд дахин 6542 м2 талбай бүхий эмнэлгийн зориулалтын өргөтгөлийн байрыг ашиглалтанд оруулж одоо нийт 568 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын Клиникийн Төв Эмнэлгийн нэрийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 231 тоот тогтоолоор Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болгон өөрчилсөн юм.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлж, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүх шатлалын эмнэлгийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн гурав дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх, оношлогоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, аргачлал боловсруулах, хүн амын өвчлөл, өвчний тархалт болон бусад эмнэлзүйн чиглэлийн тандалт судалгаа хийх үндсэн чиг үүрэг бүхий улсын ууган эмнэлэг юм.

УНТЭ нь амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр өндөр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 21 аймаг, УБ хотын 9 дүүргийн иргэдэд үзүүлж буй бөгөөд нийт 31504м2 талбайн 495 оронд 800 гаруй хүний нөөцөөр жилд 370,000 гаруй иргэдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнээс 20,000-21,000 гаруй иргэдийг хэвтүүлэн эмчилж, 12,000 гаруй иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.